Залууст Монгол Улсын эдийн засаг, цаашдын чиг хандлагын талаар лекц сонсгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Монгол улсын 21 дахь Ерөнхий сайд асан Ашабагад Дашийн Бямбасүрэн буриад залуучуудад “Монгол Улсын эдийн засаг, цаашдын чиг хандлага” сэдэвт лекцийг өнгөрсөн сарын 28-нд "Хөгжим бүжгийн коллеж"-ийн танхимд зохион байгуулав.
“Амин Тоонто” ТББ анх 2010 оны 04 сарын 28-нд байгуулагдсан. Долоон жилийн ой хүрээнд болж буй Буриад залуучуудын хэл соёл сэргээх, түүхээ мэдэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх үүднээс уг лекцийг зохион байгуулсан талаар зохион байгуулагчид онцолж байв.
Түүнчлэн Буриад залуучууд ахмад үеэрээ бахархах, тэднийг хүндэтгэх, гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний уялдаа холбоог сайжруулах зорилготой уг үйл ажиллагааг зохион байгуулагдсан бөгөөд 40 гаруй залуус оролцов.
Монгол Улсын 21 дахь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн залуучуудад өнөөгийн эдийн засаг, улс төр, олон улсын байдал, гео политикийн хуваагдал, гадаад улс оронтой эдийн засгийн хувьд хэрхэн харилцах болон хувь хүний хөгжил, тэр дундаа монгол хүн ямар байх ёстой, цаашид улс орны тусгаар тогтнолыг залуу үе хэрхэн хамгаалж явах талаар үнэтэй сургамж, зөвлөгөө өгсөн юм. Залуучууд ч цаг үеийн байдлын талаар дэлгэрэнгүй асуулт асууж, хариулт авсан юм.
Т.Есүхэйтөмөр