Нийтийн тооллын Х зуунд холбогдох “Адидас” пүүз олдвор үзэсгэлэнгийн танхимд залрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-05-03 16:26:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Алтайн нурууны бүс нутаг буюу Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт уулаас 2015 онд Монголын Үндэсний музейн судлаачид, Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялан хэмээх газраас 2016 онд Ховд их сургуулийн судлаачид тус тус илрүүлэн судалж буй хоёр хадны оршуулгаас гарсан хосгүй үнэт түүхэн олдворуудаар гаргасан "Хадан гэрийн соёл" үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд Урд улаан үнээт уулын дурсгалаас нэхий дээл, доргоны арьсан дах, арьсан өмдтэй эрэгтэй хүний хатмал шарил, эмээл хазаар, хутга, нум сум, саадаг, хоромсого, арьсан ууттай модон тоглоом, адууны зүлд зэрэг урьд өмнө олдож байгаагүй олон сонирхолтой олдворыг дэлгэжээ. Эдгээр үнэт ховор олдворыг Соёлын өвийн төвийн мэргэжилтэн, сэргээн засварлагч нар сэргээн засаж, бэхжүүлсэн бөгөөд нийт 70 орчим өлгийн зүйлийг бүрэн эхээр нь энэхүү үзэсгэлэнд толилуулж байна.



Судлаачид эдгээр олдворыг Нирун улсын үед буюу Нийтийн тооллын IV-VI зуунд холбогдоно хэмээн таамаглаж байгаа юм.

Харин Үзүүр гялангийн дурсгалаас дэлхий нийтэд “Аdidas” хэмээн алдаршаад байгаа гутал, олон төрлийн малгай, дээл хувцастай, эмэгтэй хүний хатмал шарил, хазаар, хударга, хөмөлдөргөтэй бүрэн эмээл бүхий бүтэн морь бусад олон тооны ховор үнэт олдвор хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байв. Олдворын харьцуулалт болон лабораторийн судалгааны үр дүнд тулгуурлан Хятаны үед буюу Нийтийн тооллын X зууны үед холбогдохыг тогтоожээ.

Тус үзэсгэлэн Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд хоёр сарын турш олны хүртээл болно.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻