Монгол, Вьетнамын хооронд түрээсийн нислэгийг дахин эхлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр “Монгол, Вьетнамын бизнес уулзалт” Туушин зочид буудалд болов.
Бизнес уулзалтад Монголын талаас 40, Вьетнамын хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, оёдол, гутал, арьс ширэн эдлэл, эм үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж буй 23 аж ахуйн нэгж оролцож, хамтран ажиллах боломж нөхцөл, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар ярилцлаа.

Уулзалтад хатагтай Данг Тхи Нгок Тхинь оролцож үг хэлсэн юм. Тэрбээр, “1954 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин хөгжиж ирсэн. Монгол Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Вьетнам өндөр ач холбогдол өгч байгаа. 2015 онд Вьетнам, Монголын гадаад худалдааны эргэлт 34.9 сая ам.доллар байсан.Үүнээс Вьетнамын Монгол Улс руу хийх экспорт 13.1 сая, импорт 21.8 сая ам.долларыг эзэлж байсан юм. Энэ төдийлөн хангалттай биш ч хөгжүүлэх нөөц боломж их бий. Өчигдөр би Монгол Улсын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийж, худалдаа эдийн засгаас эхлээд олон салбарт хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн. Вьетнамын зүгээс Монголын бизнес эрхлэгчдийг улсынхаа засгийн нөхцөл байдал, бизнесийн орчны талаар бүхий л мэдээллээр хангахыг хичээх болно. Энэ чиглэлд Монголын төр засгийн байгууллагууд дэмжлэг үзүүлнэ гэж итгэж байна.Монгол, Вьетнамын бизнес эрхлэгчид саад бэрхшээлийг хамт даван туулдаг, амжилтаа хуваалцдаг нэг баг байгаасай гэж хүсч байна” гэлээ.

Зүүн өмнөд болон хойд азийн дунд орших 92 сая хүн амтай Вьетнам улсын ДНБ 200 тэрбум ам.доллар бөгөөд эдийн засаг нь жил бүр 6.2 хувийн өсөлт үзүүлдэг байна. Тус орны улс төр болон эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хууль, эрхзүйн орчин харьцангуй тогтвортой байдаг аж. Энэ нь Вьетнамд бизнес эрхлэгчдэд бусад орноос давуу тал болдог хэмээн тус улсын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын дэд сайд Дао Куанг Тху илтгэлдээ дурьдав.
Тэрбээр, “Манай улсад бизнес эрхлэх нь Азийн бүх орнуудад нэвтрэх боломж гэсэн үг. Вьетнамын экспорт, импортын бүтээгдэхүүн эргэлт ДНБ-ээс 1.6 дахин их байна. Саяхан 12 улстай чөлөөт худалдааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Манай улсад бизнес эрхлэгчдэд бид газрыг 15 жилийн хугацаатай түрээсээр өгдөгөөс гадна 10 жил үйл ажиллагаа явуулсан байгууллагуудад татварын таван хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Одоогоор 116 орны аж ахуйн нэгж 303 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна” гэв.
Вьетнамын малын тоо толгойг Монгол Улстай харьцуулахад 8 дахин бага юм. Тиймээс хоёр тал харилцан тохиролцсоноор Монгол Улс Вьетнам руу хонь, ямааны мах экспортлох, Вьетнам улс Монгол руу далайн гаралтай бүтээгдэхүүн экспортлохоор болж, ажил эхэлсэн гэдгийг уулзалтад оролцогчид тодотгов.Үүнд тулгамдаж буй гол асуудлын нэг нь тээвэрлэлт аж. Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход онцгой нөхцөлд тээвэрлэх шаардлагатай болдог, энэ асуудал дээр хоёр тал нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ гэдгийг Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл тодруулав.

Монгол Улс далайд гарцгүй тул БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан Вьетнам руу тээвэрлэлт хийх шаардлага тулгардаг. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Хятадын талтай тодорхой уулзалт хийж байгааг холбогдох албаныхан хэллээ. Тухайлбал, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ)-ны Дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар,“Хятадын нутаг дэвсгэрээр мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэх бол боловсруулсан байх шаардлага тавьдаг. Иймээс халууны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох нь хэн, хэндээ хүндрэл учруулахгүй” гэлээ.
Энэ үеэр хөндөгдсөн чухал асуудал нь Монгол, Вьетнамын хооронд түрээсийн нислэг хийх асуудал байв. 2015 онд түрээсийн нислэгийг эхлүүлсэн ч түр зогсоогоод байгаа аж. Түрээсийн нислэгийг дахин эхлүүлснээр хоёр орны аялал жуулчлалын салбар хөгжихөөс гадна бизнес эрхлэгчид хамтран ажиллахад таатай нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.
Вьетнамын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхахдаа газрын тосны салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд талууд ойр ойрхон уулзаж, хэлэлцэж байх хэрэгтэй гэдгийг МАОЭНХ-ны Дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар хэлсэн юм.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал