Сурагчдын 82 хувьд мэргэжлийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын дунд сургуулийг 40 гаруй мянган сурагч төгсөх бол Төв аймгийн хэмжээнд 953 хүүхэд төгсөнө. Боловсролын хүрээлэнгээс явуулсан судалгаагаар “сурагчдын 82.2 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох, сургалт мэдээлэл хэрэгтэй” гэж үзжээ.
“Мэргэжил сонголт бидний ирээдүй" сэдэвт мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх долоо хоногийн аяныг энэ сарын нэгнээс эхлэн долоо хоногийн хугацаатай Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Төв аймгийн залуус” ТББ хамтран зохион байгууллаа.
Төв аймгийн ЕБС-ийн ахлах ангийн бүх сурагчдад аймгийн нутгийн удирдлагуудаас цаашдын хөгжил, хэтийн зорилтод туссан шаардлагатай байгаа боловсон хүчний талаар мэдээлэл өгөх, цахим мэдээллийн сувгийг ашиглан орон нутгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зөвлөгөө өгөх, сурагчдаас өөрсдийгөө танин мэдэхэд туслах сорилтуудыг авах, хувь хүний хөгжлийн чиглэлээр мэргэжлийн сургалтын байгууллагаас лекц тавих зэрэг ажлуудыг аяны хүрээнд зохион байгуулж байна.