“Эко хороолол”-ын 67 барилгын 30-г нь л улсын комисс хүлээж авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-11 23:20:20
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Төлөвлөлтөө өөрчилсөн, газар эзэмших гэрээ нь дууссан, гэрээний эх хувь нь орон нутагт байхгүй гэсэн хэд, хэдэн зөрчил “Эко хороолол”-ын төслийг шалгах явцад илэрчээ. Орхон аймаг 2013 онд 200 айлын амины сууц бүхий “Эко” хороололыг барих “Монгол Дайван” ХХК-тай гэрээ байгуулж улмаар  2013-2015 онд ердөө 67 айлын сууц баригджээ. Мөн 200 айл барих гэрээг өөрчилж 2012-2016 оны үед аймгийн ЗДТГ-ын даргатай хийсэн гэрээний хүрээнд 168 болгож өөрчилсөн байна.
Энэ нь хууль бус шийдвэрээс гадна тус хорооллын иргэд халаалтын систем доголдолтой, орчны тохижилт муу гэж байнга гомдол мэдүүлсэн ч үүнийг шийдвэрлээгүй байна. Иймд аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч С.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг “Эко” хороололд шалгалт хийж гурав дахь удаагийн хурлаа хийлээ. Энэ удаагийн хуралд “Монгол Дайван” ХХК-ийн төлөөлөл оролцож хоёр тал харилцан мэдээлэл солилцлоо. “Эко” хорооллыг барих инженерийн шугам сүлжээнд орон нутгаас 3.9 тэрбум төгрөг зарцуулсан юм. Энэ нь 200 айлын орон сууц барихад шаардлагатай шугам сүлжээний төсөв юм. Гэвч өнөөдрийн байдлаар 67-ыг барьсанаас улсын комисс 30-г нь хүлээж авсан байна. Тухайн үед аймгийн ИТХ-аас Цагаанчулуут багт 11.4 га газарт “Эко” хороолол барих  зөвшөөрөл олгосон  ажээ. Мөн төсөл хэрэгжүүлэх гэрээг 2016 оны 8 дугаар сар хүртэл хийсэн бөгөөд өнөөдөр уг гэрээний хугацаа дууссан тул ГХБХГ барилгын ажил хийхийг нь зогсоосон шаардлага хүргүүлсэн байна.  Энэ мэтчилэн шийдэх олон асуудал байгаа тул “Монгол Дайван” ХХК-ийн удирдлагуудыг Улаанбаатар хотоос дуудаж хуралдлаа. Цаашид үргэлжлүүлж зарим асуудлыг нягтлах гэнэ. Үүний дараа олон нийтэд мэдээлэл хүргэх ажээ.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻