Шүүгчдийн цалинг хатуу тоогоор тогтоох нь зөв гэж үзлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Авлигын эсрэг хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Эдгээр хуулинд, тодруулбал Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссыг УИХ-аас Хууль зүйн яам руу шилжүүлэх асуудлыг тусгасан байсан ч УИХ-ын гишүүн Л.Цог одоогийн байгаагаар нь үлдээх нь зүйтэй хэмээн үзэж, саналаа гаргасан. Тус саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх цагаатгалын комиссыг Хууль зүйн яаманд шилжүүлэхгүй байх нь зүйтэй хэмээн үзлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн З.Энхболд цомхотгол хийхийн оронд 2900 хүний цалинг 30 хувиар бууруулах замаар асуудлыг шийдэх нь оновчтой гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж илүүдэл орон тоогоо танаснаар хэмнэлт хийх бололцоотой гэсэн тус тусын саналаа хэлж байлаа. Одоогийн байдлаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байгаа аж. Тус хуулинд төрийн албан хаагчийн цалинг бууруулахгүй байх заалтыг тусгасан байдаг. Иймд энэ хуулиа эргэж харах шаардлагатай гэж зарим нь үзсэн бол нөгөө хэсэг гишүүд хуулийг өөрчлөх хэрэггүй хэмээж байв.
Ингээд УИХ-ын дарга З.Энхболд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслөөс бусад хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, шүүгчдийн цалинг итгэлцүүрээр тогтоох бус хатуу тоогоор тогтоох нь зүйтэй гэсэн санал гаргасныг гишүүдийн олонх дэмжин байнгын хорооны санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо.
Б.Туул