Сэлэнгэ аймагт 28500 гаруй иргэн вирусын оношилгоонд хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-15 14:57:47
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 40-65 насны хүн амд, 2018 онд 15-39 насны хүн амд хепатитын В, С вирусын илрүүлэг оношлогоог үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр тусгасан байгаа.
Сэлэнгэ аймгийн тухайд энэхүү хөтөлбөрийн 2017 оны үе шатанд хамрагдах 40-65 насны иргэд 28571 буюу аймгийн нийт хүн амын 26.8 хувийг эзэлж байна.
Эдгээр иргэдийг хүйсээр нь авч үзвэл эрэгтэйчүүд 13800, харин эмэгтэй 14771 байгаа ажээ. Өнөөдөр тус аймгийн хэмжээнд” Ахмад”-ын эмийн сан, “Хуст хан”, “Эм импекс” компани, “Буянт рашаан” гэсэн эмийн сангуудад элэгний С вирусын 5 төрлийн эмийг олгож байна. Үнийн хувьд 340 мянгаас 702 мянган төгрөг бөгөөд үүнээс нэг хайрцаг тутамд 21000 төгрөгийг ЭМД-ын сангаас хөнгөлж байгаа аж. Мөн Сэлэнгэ аймгийн ЭМНДХ-т элэгний С вирусын эмийн төсөвт 640 гаруй сая төгрөг төсөвлөгдсөнөөс давхардсан тоогоор 153 хүнд 32 сая төгрөгийн санхүүжилтийг эмийн сангуудад олгожээ.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн үр дүнд Монгол Улс 2020 он гэхэд одоо байгаа С вирусын халдвартай 150 мянган хүнийг бүрэн эмчилж, элэгний хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулж, вирусийн голомтыг устгасан байх явдал юм.   
Ч.Отгонцэцэг
相关新闻