Мазаалай хамгаалахад 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-05-16 13:33:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зөвхөн Монголын говьд амьдардаг Мазаалай баавгайг хамгаалах үйлсэд энэ онд хувийн хэвшлийн байгууллагууд 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх болсон талаар БОАЖЯ-наас мэдээлэв.

“Мобиком”, Бодь даатгал, “Витафит” групп, MCS групп зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийн хамтран хийж буй энэхүү хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Ламын тооройн худгийг сэргээн засварлах, 2 булгийн эх тохижуулах, Мазаалай баавгайн тоо толгой, амьдрах орчин, идэш тэжээлийн талаар иж бүрэн судалгаа хийх аж.

Өнгөрсөн жилүүдэд хувийн хэвшил, ТББ, иргэд Мазаалай хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал  “Монголын бартаат замын авто спорт холбоо” Говийн их дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны гурван автомашиныг иж бүрэн засварласан байна. Мөн “Мобиком” компани 2016 онд 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Ч.Ариунболд
相关新闻