Шашны зарим байгууллагын үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-19 10:11:49
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн энэ оны  дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн  тогтоолоор Сайншанд, Замын-Үүд сумын шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Ажлын хэсгийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Цагдаагийн байгууллага, Тагнуул, Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллийг оролцуулж  байгуулсан.
Албаныхан 2015 оны аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 15 дугаар тогтоолоор батлагдсан “Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт сүм хийдийн зөвшөөрөл олгох, үйл ажиллагаа явуулах, зөвшөөрлийг цуцлахад баримтлах журам”-ын хэрэгжилт ямар байгаа, шашны байгууллагууд холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэх, шаардлагатай зөвшөөрөл, баримт бичгийг бүрдүүлсэн эсэх, барилгын байгууламжийн аюулгүй байдлыг хангасан эсэх зэрэг  цөөнгүй асуудлаар  батлагдсан удирдамжийн дагуу  хяналт, шалгалт зохион байгуулав.  Зөвхөн Замын-Үүд  суманд зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан  христийн чиглэлийн таван сүм байсны илрүүлсэн аж.
Мөн шашны зарим байгууллагууд гамшиг осол, гал түймэр гарсан үед хүн, эд хөрөнгийг авран хамгаалах гарах гарцын схем зураг байхгүй, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх самбар, гарцын чиглэл, тэмдэглэгээ, урьдчилан сэргийлэх санамж зэрэг шаардлагатай зүйлсүүдийг бүрдүүлээгүй байсан аж. Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр, эрүүл ахуйн байцаагчийн дүгнэлт байхгүй, ихэнх сүмийн байр хүйтэн, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаагүй гэж Ажлын хэсгийнхэн тайландаа дурджээ.
Тиймээс албаныхан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах хүртэл зарим шашны байгууллагын үйл ажиллагааг хаах мэдэгдэл өгч, үүнд хууль хяналтын байгууллага хяналт тавьж ажиллахаар болов. Цаашид шашны байгууллагууд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан болон санхүүгийн тайлан мэдээг аймгийн ИТХ-д улирал тутам тогтмол ирүүлэх, итгэгч нарын хүүхэд нэрийдлээр иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийг сүм хийдийн харилцаанд оруулахгүй байх, гамшиг осол, гал түймэр гарсан үед хүн, эд хөрөнгийг авран гарах схем зураг байршуулах ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх самбар, гарах гарцын чиглэл, гарцыг заасан тэмдэг тэмдэглэгээ, урьдчилан сэргийлэх санамжийг тухайн сүм хийдэд байрлуулах, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, цэвэр тохилог, дулаан байранд үйл ажиллагаа явуулах  шаардлагыг тавьж ажиллахаар болов.
Х.Эрдэнэбулган
相关新闻