Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжсэн үндэсний хөтөлбөр боловсруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр Төрийн ордонд “Зуун дамжин баялаг бүтээгч эмэгтэйчүүд” чуулганыг зохион байгууллаа.
Чуулганы эхэнд Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О.Заяа ““Зуун дамжин баялаг бүтээгч эмэгтэйчүүдийн нийгэмд оруулсан хувь нэмэр, туулж ирсэн замнал, цаашдын зорилт” илтгэлийг тавьсан. Уг илтгэлд 1990 оны үед үйлдвэр, аж ахуй нэгж хувьчлагдаж, олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжин орсон. Энэ үед тухайн үеийн эмэгтэйчүүд гар хумхин суулгүй зарим нь ганзагын наймаанд явж, нөгөө нэг хэсэг нь анхны пүүс хоршоог байгуулж байсан нь өнөөгийн бизнес эрхлэлтийн үндэс суурь болсон гэдгийг тэмдэглэлээ.
Түүний илтгэлд дурдагдсанаар, “Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 60535 аж ахуй нэгж бүртгэлтэйгээс 36498 нь үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс жижиг дунд үйлдвэрт хамаарах 35789, харин тогтмол татвар төлдөг нь 12556 байна. Хэдийгээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хувийн хэвшил тоогоор давамгайлж байгаа ч татвар төлөгчдийн тооноос харахад уг салбар санхүүгийн хувьд хүндхэн байдалтай байна” гээд эмэгтэй удирдлагатай аж ахуй нэгжүүд төдийлөн өргөн далайцтай ажиллаж чадахгүй байгааг онцолсон юм. Тухайлбал, төр засаг байн байн солигдож, залгамж чанар алдагдсан огцом шийдвэр гаргадаг, банк санхүүгийн зээлийн хүү өндөр байдаг, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд чиглэсэн дэмжлэг дутмаг зэрэг шалтгаан нэрлэж байв.
Чуулганаас Засгийн газар болон олон нийтийн оролцоотой “Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих сан” байгуулах, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих, бизнесийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулах, эмэгтэйчүүдийн бүтээсэн баялгийг борлуулах оновчтой аргыг олж эргэлтэд оруулах, бага хүүтэй урт хугацаатай зээл олгох банк бус санхүүгийн байгууллагатай болох зэрэг зорилтыг дэвшүүллээ.
Б.Туул