“Cinema Awards 2016” наадмын шилдгийн шилдэг бүтээлээр "Итгэл" уран сайхны кино тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-05-21 15:20:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын кино урлагийн шилдэг уран бүтээл шалгаруулах “Cinema Awards 2016” наадам энэ сарын 19-нд “Corporate Convention” төвд улаан хивсний ёслолоор эхэлж, шилдгүүдээ тодруулав.
 
Монголын урлагийн зөвлөл, “I MAX CINEMA” хамтран анх удаа зохион байгуулсан тус кино наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон нийт 46 киноноос 12 кино 14 номинацид өрсөлдсөн юм. Кино наадмын эцсийн шатанд шүүгчид болон үзэгчдийн санал асуулгаар Өртөө, Бүү март, Ээж УСК, Атганд үлдсэн эрдэнэ, Итгэл, Үргээлэг-2, Шүүдэр дундуур, Аз жаргал, Цагаан хадаг, Lovers, Өртөө, Өвлийн тууж, 6 дахь хүсэл зэрэг кино тунаж үлдсэнээс "Шилдэг кино", "Шилдэг эрэгтэй гол дүр", "Шилдэг хөгжим" шагналыг хүртэж шилдгийн шилдэг бүтээлээр “Итгэл” уран сайхны кино шалгарлаа.

Дашрамд сонирхуулахад, энэхүү уран сайхны киноны гол дүрд СТА, жүжигчин Б.Амарсайхан тоглосон бол продюссерээр нь түүний эхнэр С.Уран ажилласан юм. “Ай Фай Продакшн”, “Соёолон групп”-ын хамтын бүтээл эл кинонд өнөөгийн Монголын нийгэмд дутагдаад буй хүн хоорондын хүндлэлтэй харилцаа, өөрийн хувь заяаныхаа эзэн нь байж, маргааш өнөөдрөөс илүү сайхан болно гэсэн итгэл, тэр итгэлийн тулах цэгээрээ бүхнийг сөрөн гарч чаддаг орчин цагийн залуу "Эр хүний" тухай өгүүлдэг.


 
“Cinema Awards 2016” наадмын “Шилдэг нүүр хувиргагч”-аар Ц.Дэлгэр /Бүү март УСК/,  “Шилдэг дууны найруулагч”-аар Б.Билгүүтэй /Үргээлэг-2 УСК/, “Шилдэг хөгжмийн зохиолч”-оор Б.Одбаяр /Итгэл УСК/,  “Шилдэг туслах эмэгтэй дүр”-ийн шагналыг  У.Уранчимэг  /Атганд үлдсэн эрдэнэ УСК/, “Шилдэг туслах эрэгтэй дүр”-ийн шагналыг Ц.Төмөрхуяг / Ээж УСК/, Шилдэг зураглаачаар Д.Ангараг, /Атганд үлдсэн эрдэнэ УСК/, Шилдэг зураачаар Н.Батжаргал /Бүү март УСК/, Шилдэг зохиол Т.Бум-эрдэнэ /Үргээлэг-2/, Шилдэг найруулагчаар Ж.Сэнгэдорж /Lovers УСК/, Шилдэг хувцас дизайн П.Бэрхээдэй /Өртөө УСК/, Залуу үед үлгэр дууриал үзүүлсэн бүтээлээр “Цагаан хадаг” уран сайхны кино тус тус шалгарч цом, ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал хүртэв.

Шилдэг уран бүтээлчдийн сэтгэгдлийг хүргэж байна.

Итгэл” киноны дүрээр “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал хүртсэн  жүжигчин Б.Амарсайхан:
Энэ киног хийж бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан продюссерууддаа баярлалаа. Би энэ кинонд тоглохын тулд өөрийнхөө жингээс 17 кг хасч тоглосон. 17 кг хасна гэдэг маш хүнд юм билээ. Үүнд тусалсан хайрт гэргий чамдаа маш их баярлалаа. Киноны гол дүрийг зөвхөн гол дүр өөрөө авч явдаггүй, туслах дүрүүд нь, олны хэсэг нь, зураачид нь өргөж өгдөг. Хамтран ажилласан бүх уран бүтээлчиддээ баярлалаа. Би П.Цэрэндагва гуайтай хамт нэр дэвшсэндээ маш их бахархаж байна. Дараа дараагийн наадамд ийм хүчтэй өрсөлдөгч, од байхгүй гэж итгэж байна. Энэ авардсыг Оскарын шагнал болгохыг амлаж байна.
 
“Шилдэг найруулагч”-аар тодорсон  "Lovers" киноны найруулагч Ж.Сэнгэдорж: Кино авардс нэмэгдсэнээр Монголын кино урлаг цаашид хөгжих үе шат нэмэгдэж байгаагийн илрэл гэж бахархаж байна. Цаашид 10 авардс нэмэгдсэн ч дутахааргүй уран бүтээлчид төрөх болтугай гэж хүсэн ерөөе. Юуны өмнө продюссер "Прайм Пикчерс"-ийнхэндээ баярлалаа.  "Lovers" кино бол тэр бүр барьж авах сэдэв биш. Биднийг дураар нь дургиулсанд баярлалаа. Миний "Үүр цайгаасай" кино одоо дэлгэцээр үзэгчдийн хүртээл болж байгаа. Энэ киногоороо ирэх жил ингээд зогсох ерөөлийг өргөн тавья.
 
“Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал хүртсэн  Ардын жүжигчин Д.Мэндбаяр: Хилийн хязгаар байхгүй, сэтгэл санааны хувьд ямагт үр хүүхдийнхээ төлөө байдаг нийтлэг сэтгэлгээтэй нийт эмэгтэйчүүд, эхчүүдийн дүрийн дундаас миний бор дээлтэй ээж маань төрж гарсан. Тиймээс ээж гэдэг хүндэтгэл надад ирсэн юм. Надад итгэж зохиолын дүрийг бичсэн Мөнхтуяа зохиолчдоо, найруулагч, зураглаач, бүх уран бүтээлчдийн үр дүн юм шүү. Та нартаа талархал илэрхийлж, уран бүтээлийн амжилт хүсье.

"Шилдэг зураач"-аар тодорсон "Бүү март" киноны зураач Н.Батжаргал: Кино урлаг бол амттай зовлон байдаг юм. Кинонд гүүнд хайртай морь шиг насаараа зүтгэлээ. Ер нь хүч сорьсон бүтээлд ажиллах дуртай. Түүнийхээ үр шимийг хүртсэндээ үнэхээр баяртай байна.
 
Тус наадмын шүүгчдийн багт Ардын жүжигчин кино найруулагч Г.Жигжидсүрэн, Ардын уран зохиолч Б.Догмид, СГЗ найруулагч Г.Золжаргал, СГЗ Ц.Хулан, СГЗ зохиолч Ү.Хүрэлбаатар, Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, Ардын жүжигчин зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, топ модель Х.Бадамгэрэл нар ажиллаж шүүжээ.

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд хөтлөгчөөр “X-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, Топ модель Д.Пүрэвсүрэн нар ажилласан юм.

Ж.Болор
相关新闻