Баян-Өлгийн Нийтийн номын санг яруу найрагч Б.Ахтааны нэрэмжит болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бабийн Ахтааны хорвоод мэндэлсний 120 жилийн ойн баярыг тохиолдуулан соёл, урлаг, утга зохиолын салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь хойч үедээ мөнхжүүлэн үлдээх зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 33 тоот тогтоолоор аймгийн Нийтийн номын санг түүний нэрэмжит болгох шийдвэр гаргасан бөгөөд тууз хайчлах ёслолын арга хэмжээг энэ сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Шынай, төр нийгмийн зүтгэлтэн О.Хавсатар, зохиолчийн хүү А.Олимпиад нар өөрсдийн дурсамжуудаасаа хуваалцаж, сурагчид яруу найрагчийн шүлгүүдийг уншин ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

“Бүргэд” найраглал, “Түүвэр зохиол”, “Зохиолууд”, “Ногоон оргил”, “Шилмэл зохиолууд” зэрэг казах, монгол хэлээр хэвлэгдэн гарсан номуудаараа алдаршсан нэрт уран зохиолч, яруу найрагч, Б.Ахтан нь Монголын казах хэлт утга зохиолыг үндэслэгч юм. 1930-аад оны үеэс уран бүтээлээ эхэлж “Ермалей”, “Жамаал”, “Калкаман Мамыр хоёр” жүжиг, “Бүргэд” найраглал, “Суваг”, “Чамаас өндөр”, “Оршлын оронд” зэрэг яруу найргийн бүтээлүүд туурвисан Б.Ахтааны зохиолуудыг яруу найрагч Д.Сэнгээ, Б.Бааст нар Бааст монгол хэлнээ орчуулж уншигчидтай танилцуулсан бөгөөд аймгийн Нийтийн номын санг түүний нэрэмжит болгон нэрийг нь мөнхжүүлж байгаа явдлыг нутгийн иргэд сайшаан хүлээн авч байна.
Ө.Нурболат