Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын хэсэг ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-05-23 16:26:55
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн үйл ажиллагааг шалган зааварлах ажлын хэсэг тус аймагт ажиллалаа.
 
Тэрээр газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх Байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт Засгийн газраас баталсан төлөвлөгөөний хэрэгжилт, аймгийн Байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 онд хийх ажлын төлөвлөгөөтэй танилцах, аймгийн Байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын бодлого шийдвэртэй уялдуулж зохион байгуулах, аймгийн Байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн 2017-2020 оны үйл ажиллагааны болон 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг улс, орон нутаг, бусад эх үүсвэрээс бүрдүүлэх чиглэл, зааварчилгаа өглөө.
Мөн аймгийн удирдлагууд, хилийн цэргийн болон зэвсэгт хүчний ангиудын захирагчид, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, мэргэжилтнүүдэд “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх Японы туршлага” сэдэвт семинар зохион байгууллаа.
Дашрамд хэлэхэд, Баян-Өлгий аймаг нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд  /8-9 балл/ хамаарах бөгөөд зөвхөн он гарснаас хойш эхний 4 сарын байдлаар 1845 удаагийн их, бага хэмжээний газар хөдлөлт бүртгэгдээд байгаа юм. Тэдний 2 нь  удаа 3,5-аас дээш магнитудын хүчтэй байжээ.
 
 
 Ө.Нурболат
 
相关新闻