АНУ-ын Virtue Foundation-ний нүдний эмч нарын баг Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-24 09:24:23
Ховд/МОНЦАМЭ/ АНУ-ын Virtue Foundation ОУБ-ын нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс заслын эмч нарын баг 2012 оноос хойш баруун бүс нутгийн ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийж байгаа юм.
Энэ жил Virtue Foundation-ний нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн 15 хүний бүрэлдхүүнтэй баг Ховд аймагт хүрэлцэн ирээд байгаа бөгөөд тус аймгийн төдийгүй, Баян-Өлгий, Увс аймгийн иргэд олноор ирж оношлуулж, эмчлүүлж байна.
Нарийн мэргэжлийн эмч нар нүдний болор суулгах, нүдний даралт буулгах, зовхины хагалгаа, латофтальмия, нулимсны суваг үрэвсэх, хялар засах, нүдний протез суулгах, нөхөн сэргээх, мэнгэ ургацаг авах зэрэг мэс заслыг газар дээр нь түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд, нарийн багаж, тоног төхөөрөмжөөр үзэж оношлодог учраас иргэд өргөнөөр үйлчлүүлж байгаа ажээ.
АНУ-ын Virtue Foundation-ний нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс заслын эмч нарын багт нэр хүнд бүхий их сургуулийн доктор, зөвлөх эмч нар, Нью Йорк хот дахь Колумбиа Их Сургуулийн Анагаахын шинжлэх ухааны доктор, НҮБ-д тусгай зөвлөх эрхтэй, хүүхдийн нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн/хялар эмчлэх/ эмч, Нью Йорк-ийн их сургууль, нүдний гоо заслын их эмч, анагаах ухааны магистр эмч нар багтжээ.
Virtue Foundation-ний нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар сүүлийн таван  жилийн хугацаанд нийт 3924 хүнд үзлэг хийж, 584 өвчтөнг мэс засалд оруулж, эмчилж, эдгээсэн байна. 
Энэ жилийн хувьд  385 өвчтөнд амбулаториор үзэж, 58 хүнд нүдний мэс засал амжилттай хийгээд байна. Эдгээр эмч нар энэ оны 5 сарын 26 ныг хүртэл  үзлэг оношлогоо, эмчилгээ, мэс засал хийх юм.
Энэхүү үзлэг, оношлогооны үеэр Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв Virtue foundation ОУБ-тай хамтран бүсийн аймгуудын нүдний нарийн мэргэжлийн эмч нарт ажлын байранд дахь шавь сургалтыг зохион байгуулах,харилцан туршлагаас нь суралцах өргөн боломж бас олдож байгаа юм.
 А.Бямбасүрэн
相关新闻