ХОВД: Дүрэмт хувцсаа хандивлах аян зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-13 16:27:48

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хүүхдийн паркийн хамт олон “Дүрэмт хувцсаа дүү нартаа хандивлая” аян зарлалаа. 

 

Хичээлийн шинэ жил эхлэхэд сурагч бүр дүрэмт хувцас өмсөх хэрэгцээ шаардлага үүсдэг. Шинээр авах боломжтой нэгэн байхад боломжгүй хүүхдүүд мөн бий. Иймээс эцэг эхчүүд болон сурагчдыг багадсан дүрэмт хувцас, хэрэглэхгүй цүнхээ бусдад хандивлахыг уриаллаа.

Аяны хүрээнд энэ сарын 19-25-ны өдрийг дуустал дахин ашиглах боломжтой, цэвэрхэн дүрэмт хувцас, зангиа, цэнхэр цамц, цүнхийг хүүхдийн паркт хүлээн авах ба нэг хувцас хандивлахад нэг тоглоомын тасалбар бэлэглэх юм. Мөн хандиваар цугласан дүрэмт хувцас, цүнхийг дараагийн эзэнд хүргэх ажлыг энэ сарын 27-28-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Тус аян ийнхүү хоёр дахь жилдээ өрнөж байна. Өнгөрсөн жил аяны хүрээнд 200 гаруй хувцас, цүнх цугласныг хичээл эхлэхээс өмнө 6-15 насны 100 гаруй хүүхдэд хүлээлгэн өгсөн юм.     

相关新闻