ХОВД: Хүүхдийн дугуйн уралдаанд 300 орчим тамирчин оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын дугуйн холбооноос УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор "Tour of Mongolia-2025" олон өдрийн дугуйн уралдаан зохион байгуулж байна.
Тус уралдааны нэрэмжит Дугуйн өдөрлөг өнөөдөр Ховд аймагт боллоо. Энэ үеэр хүүхдийн дугуйн уралдаан зохион байгуулахад Ховдоос 300 орчим тамирчин оролцжээ.
Дугуйн спортын тамирчдын тэсвэр тэвчээр, ур чадварыг сорьж буй “Tour of Mongolia” уралдаанд оролцогчид Говь-Алтай аймгаас 450 орчим км замыг дугуйгаар туулж өнөөдөр Ховд аймагт ирсэн юм.
Тэд үргэлжлүүлэн Увс, Завхан аймаг руу дугуйн аялал хийж, өрсөлдөнө. Мөн орон нутгийн иргэдэд дугуйн үзүүлбэр сонирхуулж, хүүхдийн дугуйн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ нь хот суурин газрын автомашины хэрэглээг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг эрүүл амьдралын хэвшилд сургах, унадаг дугуйн спортыг хөгжүүлэх, сурталчлах, тамирчдын ур чадварыг сайжруулах, хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд давуу талтай юм.