Харилцаа дууны тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-05-24 13:32:49
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өчигдөр аймгийн Хөгжимт Драмын Театрт тус аймгийн Алтай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Нутгийн зөвлөл хамтран «Алтай-алтан нутаг мину» сэдэвт «айтыс» буюу харилцаа дууны тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээнд нийтдээ 12 яруу найрагч /акын/ оролцсон бөгөөд шүүгчдийн шийдвэрээр Ногооннуур сумын яруу найрагч Хуанганы Серик тэргүүн байранд шалгарлаа.
Казахын ард түмний үндэсний соёл, урлаг, өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, яруу найрагчдын авьяасыг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагдсан уг тэмцээнд шагналт байруудад шалгарсан яруу найрагчдыг зохион байгуулагчдын зүгээс мөнгөн шагналаар шагнан урамшууллаа.
Дашрамд хэлэхэд, айтыс нь казахын ард түмний харилцаа дууны хэлбэртэй, хэдэн мянган жилийн түүхтэй язгуур урлаг бөгөөд яруу найрагчдын дайралцаа гэж нэрлэх нь ч бий. Уг тэмцээнд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүйгээр тухайн байдал, баяр ёслолын агуулгад тааруулан санаанаасаа зохиож домбордож дуулах юм. Найрагчид тухайн баяр, ёслолын тухай хэлэлцэж мэтгэлцэхээс гадна нийгмийн ололттой ба дутагдалтай талыг ч мөн дуундаа илэрхийлж гаргадгаараа онцлогтой.
 
Ө.Нурболат
相关新闻