“Нээлттэй газрын харилцаа, ухаалаг хөтөч” аяныг өрнүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас “Нээлттэй газрын харилцаа, ухаалаг хөтөч” аяныг тавдугаар сарын 16-наас хэрэгжүүлж эхэллээ.
Газрын тухай хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, ялангуяа найман цагийн ажилтай төсөвт байгууллагуудын албан хаагчдад газар өмчлөхөд шаардагдах баримт бичиг, өргөдөл хүсэлтийг хэрхэн бүрдүүлэх, сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, газар хэмжилтийн хуваарийг танилцуулах, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор дээрх аяныг зохион байгуулж буй аж.
Одоогийн байдлаар албаныхан нийт 10 байгууллагын 250 гаруй төрийн албан хаагчдад газар өмчлөх үйл явц, газрын харилцааны хууль тогтоомжийг сурталчилсан байна. Газрын тухай хууль батлагдсан цагаас хойш Сайншанд сумын иргэдийн 47 хувь буюу 10849 иргэн хуулийн дагуу газар өмчилж авчээ.
Х.Эрдэнэбулган