Хүүхдийн баяраар хаана, ямар тоглолт болох вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-05-26 13:25:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан соёл урлагийн байгуулагуудын үзвэр үйлчилгээ, тоглолтын хуваарийг хүргэж байна.

“Үлгэрийн баатруудтай хамтдаа”



"Үлгэрийн баатруудтай хамтдаа буюу Алтан залаат азарган тахиа" хүүхэлдэйн жүжгийг 6 дугаар сарын 1-нд 13:00 цагаас “Улаанбаатар палас”-ын концертын танхимд толилуулна.
Хүүхэд багачуудаа угтаж авахаас үдэн гаргах хүртэл үлгэрийн баатруудтайгаа хамтдаа байж зургаа авахуулан, тоглож наадах боломжтой.

“Цасангоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжиг



УДБЭТ-ын тайзнаа 6 дугаар сарын 1-ний өдөр 12:00, 15:00, 18:00 цагаас “Цасангоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг хүүхэд багачууддаа зориулан дахин тоглох гэж байна. Тасалбар бүрт бэлэгтэй аж.

.. "- Хаант улсын хамгийн үзэсгэлэнтэй нь хэн бэ?" хэмээн бардам асуух хатан хаан, "Таны гоо үзэсгэлэн төгс төгөлдөр билээ. Гэвч цасан цагаан царайтай, цусан улаан уруултай, гил хар үстэй Цасангоо хамгаас үзэсгэлэнтэй нь, Ахайтан минь..." хэмээн айдас дүүрэн өгүүлэх толь... Хүйтэн харанхуй ордноор цуурайтуулан "- Цасангоогийн зүрхийг надад авчир!" хэмээн уурсан тушаах хойд эх ...

“Буратино-Алтан түлхүүр" жүжиг



ЗХУ-ын зохиолч, А.Толстойн “Буратиногийн адал явдал" зохиолоос сэдэвлэн, найруулагчаар Ардын жүжигчин С.Сарантуяа ажилласан “Алтан түлхүүр" хүүхдийн жүжгийг 6 дугаар сарын 1-нд 13:00 цагаас Корпорэйт Конвэшн төвийн концертын танхимд тоглоно.
Хүүхдүүдийн сайн мэдэх сургамжит үлгэрийн жүжигт урт хамар, шовгор малгайтай дүрсгүй модон хүү Буратиногийн тухай өгүүлэх ба гол баатрууд болох Карло аав, найрагч Пьеро, цэнхэр үст Мальвина, урт сахалт Карабас Барабас зэрэг олон дүр гардаг.

“Царцаа Намжил” жүжиг



БСШУСЯ-ны "Хүүхдэд зориулсан уран бүтээлийн" төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол "Царцаа Намжил" хүүхдийн жүжгийг УДЭТ-ын тайзнаа 6 дугаар сарын 01, 14:00 16:00 цагт тоглоно.

Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм.

“Ид шидийн аялал” хүүхдийн жүжиг



Монголын Хүүхдийн ордны авьяаслаг сурагчид өхөөрдөм бяцхан дүү нартаа зориулан "Ид шидийн аялал" хүүхдийн жүжгийг энэ сарын 27, 28, 31-нд 6 дугаар сарын 1-нд 11:00, 16:00 цагт тоглоно. Тоглолтын тасалбар 18 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэгтэй. Мөн хайртай үлгэрийн баатруудтайгаа дурсгалын зургаа татуулах боломжтой. 

Хүүхдийн баярт зориулсан энэхүү жүжгийн гол санаа нь нийгэмд эерэг хандлага өгч одоогийн хүүхэд залуусыг цахим ертөнцөөс түр ч гэсэн холдуулж, бодит ертөнцөд тэр дундаа номтой нөхөрлүүлэх гэсэн зорилготой. 
Ж.Болор

 
 
相关新闻