Аялал жуулчлалын компаниуд зохион байгуулалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-05-29 15:20:04
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт аялал жуулчлалын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 30 орчим компани, улирлын чанартай 6 жуулчны бааз бүртгэлтэй бөгөөд эдгээр компаниуд саяхан зохион байгуулалтад орж, «Баян-Өлгий аймгийн Аялал жуулчлалын холбоо» нэртэй төрийн бус байгууллага байгууллаа. 
Уг холбоонд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 18 компани гишүүнээр элссэн бөгөөд тэргүүнээр нь аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, дэд тэргүүнээр “Kazakh tur” компанийн захирал Х.Досжан нар сонгогдсон байна.
Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өгсөн мэдээгээр 2016 онд тус аймагт гадаадын 6500 орчим жуулчин ирсэн бөгөөд 9,7 сая ам.долларыг аймгийн эдийн засагт оруулсан байна. Тэдний  1000 гаруй нь 2 удаагийн «Бүргэдийн баяр»-т иржээ. Аймгийн удирдлагын зүгээс 2019 он гэхэд жуулчдын тоог 20,000-д хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Аялал жуулчлалын бодлогыг боловсронгуй болгох, дэд бүтэц, үйлчилгээний таатай орчин бүрдүүлэх зорилгоор аймгийн Аялал жуулчлалын холбооноос тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын тогооч, орчуулагч, жолооч нарт мэргэшүүлэх сургалт зохион байгуулж, сертификат олгоод байгааг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Айбек онцоллоо.
Үзэсгэлэнт сайхан байгальтай, ОХУ, БНХАУ-тай хил залгаа оршдог, түүх соёлын дурсгалт газрууд олонтой, үндэсний онцлог бүхий өвөрмөц ёс заншилтай тус аймгийн хувьд аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд ажилгүйдэл, ядуурлыг буурулах, ажлын байр бий болгоход чухал нөлөө үзүүлнэ гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. 
 
 
Ө.Нурболат
 
相关新闻