Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон маргаан дахин дэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-29 16:09:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-г тойрсон маргаан энэ өдрүүдэд дахин олон нийтийн сонорт хүрч маргалдагч талууд өөрсдийн байр суурийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх болов.

МҮБХ-ны “Их Эе” хуралдааныг өчигдөр /2017.05.28/ хуралдуулж шинэ тэргүүнээр “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатыг  сонгосон. Уг хурлыг хууль ёсны бус гэсэн мэдээлэл гарч байгаа талаар Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн бага хурлыг “Их эе”-ийг зохион байгуулагчид хийлгэв. 
 
“Их Эе”-ийг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Ү.Хүрэлбаатар, Тавдугаар сарын 28-нд МҮБХ-ны ээлжит бус их хурал амжилттай хуралдаж, хэлэлцэх асуудлаа бүрэн хэлэлцсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу энэ хурал болсон учир МҮБХ-ны хуучин удирдлагууд болон зарим хэвлэлээр хууль бус хурал гэж байгаа нь үндэслэлгүй юм. Улсын Дээд шүүхийн 2003 оны долдугаар сарын 403 тоот тогтоолд, “МҮБХ-ны тэргүүнийг сонгох тухай ээлжит бус их хурлыг зохион байгуулахыг Цэцдийн зөвлөлд үүрэг болгосугай” гэж заасан. Энэ тогтоолын дараа гурван шатны шүүх хуралд болж, эцсийн шатны шийдвэр гарсны дараа буюу өнгөрсөн ням гарагт их хурлыг хуралдуулсан. "Их эе"-д 170 төлөөлөгч оролцсон. Үндэсний бөхийн дүрэмд 200 орчим төлөөлөл байдаг, хурлын ирц 85 орчим хувь байж ирц бүрдсэн гэж үзсэн. Хурлаар гурван асуудал хэлэлцсэний нэг нь холбооны тэргүүнийг сонгох асуудал байв. Дархан аварга Х.Баянмөнх, Дархан аварга А.Сүхбат, Хэнтий аймгийн Бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар, Гацууртын Л.Чинбат нар нэр дэвшсэн. Ингээд эхний гурван нэр дэвшигч нэрээ татаж, Л.Чинбатыг 99.9 хувиар сонгосон гэв.



Мөн М.Хүдэрбаатар, энэ хурлаар МҮБХ нь дэд тэргүүнгүй болж түүний оронд дотоод үйл ажиллагаагаа удирдах Гүйцэтгэх захирлыг ойрын үед томилно гэж шийдвэрлэсэн. Бид энэ хурлын тайланг МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж, дэд тэргүүн асан Д.Данзан нарт өнөөдөр албан ёсоор хүргүүлнэ. Хуучин удирдлагууд тус шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, ажил, тамга тэмдгээ хүлээлгэн өгнө гэж найдаж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хэвээр байгаа гэж ташаа мэдээлж байна. “Их Эе”-ээр МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбат албан ёсоор сонгогдсон гэдгийг дахин хэлье. Бөхчүүд үүнд эргэлзэх хэрэггүй гэж онцлон хэлж байна. Хуралд одоо ид барилдаж байгаа арслан, заанууд ирсэн. Наадам дөхөж байгаа энэ үед бид бөхчүүдийг талцан хувааж, хагаралдуулах гэсэн юм биш. Бид олон жил үргэлжилсэн маргааныг тасалж, Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн гэлээ.


 
Энэхүү хэвлэлийн бага хурлын дараа Бөхийн өргөөнд МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, Дэд тэргүүн Д.Данзан, Улсын заан Д.Мягмар, Улсын харцага Д.Сэрээтэр нар хэвлэлийн бага хурал хийлгэв.

Р.Нямдорж, өчигдөр /05.28/ Дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар нарын хүмүүс МҮБХ-ны ээлжит бус “Их Эе” нэртэй цуглаан хийв. Үүнтэй холбогдуулж дөрвөн зүйл мэдэгдъе.

Нэгд, энэ цуглаандаа бөхчүүдийг оролцуулахын тулд нэг бөх рүү 4-5 хүн /Х.Баянмөнх, А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Ц.Дуламсүрэн нар/ тасралтгүй ээлжлэн ярьж, нэг нь айлган сүрдүүлэх, өөр нэг нь аргадан гуйж, гурав дахь нь амлалт өгөх зэргээр уйгагүй залгасан боловч 10 аваргаас 7 нь, 15 арслангаас 11 нь, 9 гарьдаас 7 нь, 25 заанаас 19 нь, 40 харцагаас 30 нь, 170 начингаас 163 нь энэ цуглааныг хууль бус гэж үзэж очоогүй байна. Энэ нь аваргуудын 70 хувь, арслангуудын 73 хувь, гарьдын 78 хувь, заануудын 76 хувь, харцагуудын 75 хувь, начингуудын 90 хувь оролцоогүй гэсэн үг. Ийм цуглааныг МҮБХ-ны “Их Эе” гэж үзэж болох уу? Нөгөө талаас тэдний цуглуулсан бөхчүүдийн бараг хагас нь Увс аймгийн бөхчүүд , мөн хадам, хүргэн, үр хүүхдээ хүртэл оролцуулж, хэвлэл мэдээллийнхнийг оролцуулалгүй, хаалттай хийсэн нь энэ цуглаан хуйвалдаан болсныг нотолж байна.

Хоёрт, А.Сүхбат, Ж.Ганболд, Х.Баянмөнх нарын 5 хүний 3 шатны шүүхээр зөв нь тогтоогдсон гэж яриад байгаа Цэцдийн зөвлөлийн хурал нь хуурамч ирц бүрдүүлсэн үндэслэлээр Монгол Улсын эрүүгийн хуулийн ээлжит “Их Эе”-ийн товыг тогтоон, улмаар МҮБХ-ны ээлжит “Их Эе”-ийг хууль ёсны хүрээнд 253.1 зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, тэр нь тогтоогдон, одоо прокурорын шатанд хянагдаж байгаа. Хуулийн үйл ажиллагаа явагдаж дуусаагүй, эцсийн шийдвэр гараагүй байхад хийсэн цуглаан нь хууль зөрчсөн тул холбогдох хууль дүрмийн дагуу хүчингүй болно.

Гуравт, МҮБХ-ноос 2016 оны 12-р сард гаргасан мэдэгдэлд “МҮБХ 2017 оны II улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит “Их Эе”-ийн товыг тогтоон, хууль ёс, дүрмийн дагуу хуралдаж шинэ удирдлагыг сонгоно” гэж зарласан.  

Дөрөвт, энэ нөхөд 2002 онд хуралдсан IV  “Их Эе”-ээр МҮБХ-ны удирдлагыг булаан авах хуйвалдаан зохиож ялагдсан. Тэгээд 3 шатны шүүхээр явж “Тэргүүнийг сонгох сонгууль явагдсан нь тогтоогдохгүй байна” гэсэн шийдвэр гаргуулсан. Уг шийдвэр нь үнэнд нийцээгүй. Иймд энэ асуудлыг бид дахин хөндөнө, үнэнийг тогтоолгоно гэв.

Энэхүү маргааны үр дүнд Монголын уламжлалт үндэсний бөх, бөхчүүд болон үндэсний бөхөө дээдлэгч ард иргэдийн эрх ашиг зөрчигдсөөр байна. Иймд олон нийтийн болон үндэсний эрх ашгийн үүднээс олон жил ужгирсан энэ маргааныг хөндлөнгийн оролцоотой даруй шийдвэрлэх гарц олох шаардлага МҮБХ-нд бий болсныг харуулж байгаа юм.

Д.Өлзий
相关新闻