Элсэлтийн ерөнхий шалгалтад 1302 сурагч орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-05-30 14:45:37
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2016-2017 оны хичээлийн жилд тус аймгийн 24 сургуулийн 1682 сурагч 12 дугаар ангийг төгсөх бөгөөд үүнээс 1302 сурагч ирэх 6 дугаар сарын 14-ний өдөр болох элсэлтийн ерөнхий шалгалтад орно гэж аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн А.Еркегүл мэдээллээ.
Энэ нь 2016 оныхоос 200 гаруй хүүхдээр илүү үзүүлэлт бөгөөд 380 сурагч ОХУ, БН Казахстан улсын их, дээд сургуулиудад элсэх шалгалтад орох аж.
Дашрамд хэлэхэд, Баян-Өлгий аймаг ЭЕШ-ын онооны дүнгээр сүүлийн арваад жил сүүл мушгиж яваа юм. ШУА-ийн харьяа Казах хүүхдүүдийн боловсролын судалгааны сектороос явуулсан сургалтын үр дүнг тандах судалгаануудын үр дүнг үндэслэн 2014 онд аймгийн ИТХ-ын 51 тоот тогтоолоор «Хос хэлээр сургалт явуулдаг сургуулийн талаар баримтлах аймгийн бодлого, чиглэл»-ийг баталж, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, хос хэлээр сургалт явуулдаг сургуульд судалдаг эх хэлний хичээлийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулах шийдвэр хүртэл гарган тодорхой ажлууд зохион байгуулж байсан ч олигтой үр дүн гарахгүй байгаа явдалд ард иргэд шүүмжлэлтэй хандаж байна. 
 
Ө.Нурболат
 
相关新闻