Ахмад сувилагчдын зөвлөл байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тус аймагт ахмад сувилагчдын эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжих, тэдний арвин их туршлагыг нь залуучуудад өвлүүлэн үлдээх зорилгоор “Ахмад сувилагчдын зөвлөл” байгуулагдсан байна.
Уг байгууллага нь Монголын Ахмад Сувилагчдын Холбоонд харьяалагдах бөгөөд аймгийн төв болон хөдөө сумдын 35 ахмад сувилагчийг хамруулан анхдугаар уулзалтаа хийж, удирдлагаа сонгосон байна. Зөвлөлийн тэргүүнээр Толбо сумын Эрүүл мэндийн төвөөс насны амралтад гарсан ахмад сувилагч К.Лиймааг сонгож, тэргүүлэгчдээ 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталжээ.
«Улс орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө бүхий амьдралаа зориулан хүчин зүтгэсэн ахмадууд маань өндөр насны тэтгэвэрт гарсны дараа ямар нэгэн дэмжлэггүй, нийгмээс гадуур үлддэг нь нууц биш. Наян настай золгосон ч төрийн одон медаль байтугай салбарын яамны «Жуух бичиг» ч аваагүй ахмад сувилагч одоо Дэлүүн сумд амьдарч байна. «Ахмад сувилагчдын зөвлөл цаашид иймэрхүү асуудлуудад анхаарч ажиллах болно» гэж аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.Сунхар мэдээллээ.
Ө.Нурболат