280 гаруй Замын цагдаа үүрэг гүйцэтгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр нийслэлийн хэмжээнд 280 гаруй Замын цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг амар тайван, түгжрэл сааталгүй баяраа тэмдэглэн өнгөрүүлэх нөхцөл бололцоог хангах, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдгээр алба хаагчид ажиллаж байгаа юм.
Мөн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй тул жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан бие биедээ хүлээцтэй хандан, сахилга, соёлтой хөдөлгөөндөө оролцоорой хэмээн уриалсан.
Түүнчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотын хэмжээнд 10 морьт, есөн нохойт эргүүл үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Б.Туул