Японы хүүхдүүд Дорноговьд зочилно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-05 13:44:47
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 03-наас 04-нд Японы Шизүока мужийн Засаг даргын зөвлөх Тоого Казухико тэргүүтэй төлөөлөгчид Дорноговь аймагт зочиллоо. Зочид төлөөлөгчдийг  аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хүлээн авч уулзаж орон нутгийн бүтээн байгуулалт болон хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Энэ удаа албаныхан хүний нөөцийн чиглэлээр боловсон хүчнийг бэлтгэх, дадлагажуулах, туршлага солилцох сургалтын  хугацааг уртасгах, ахлах ангийн хүүхдүүдийн  сурагч солилцоог шинэлэг хэлбэрээр зохион байгуулах  талаар  ярилцав. Ирэх наймдугаар сарын 30-нд  Шизүока мужийн 30 хүүхэд, найман багш Дорноговьд зочлох бол аравдугаар сард Дорноговь аймгийн 30 хүүхэд, гурван багшийн хамт Японд аялахаар боллоо. Одоогийн байдлаар орон нутгийн өмчит “Чандмань-Илч”, “Чандмань бадрал” компани болон  аймгийн ЗДТГ-ын зарим алба хаагчид Японд сурч, мэргэжил дээшлүүлж буй. Мөн  долдугаар сард  Дорноговь аймгаас нэг хүнийг есөн сарын хугацаатай Японд сургалтад хамруулахаар болжээ. Цаашид  эрүүл мэнд боловсролын чиглэлээр харилцан туршлага солилцох, мэргэжилтнүүдийг  сургалтад хамруулах, япон хэлний багш бэлтгэх, япон хэлний номын санг байгуулах юм.
Арлын улсад аялах хүүхдүүдийн зардлыг Шизүка муж болон Дорноговь аймаг хамтран гаргах бөгөөд  арлын  амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, сурлагаар сайн, авьяастай, хөдөлмөрч сурагчдыг хамруулах аж. Монгол Улсын Дорноговь  аймаг, Японы Шизүока  муж хоорондын хамтын ажиллагаа зургаа дахь жилдээ амжилттай  үргэлжилж буй.
Х.Эрдэнэбулган
相关新闻