Гадаадын 148 иргэнийг албадан гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-09 15:15:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харъяатын газар энэ оны эхний хагас жилд Монгол Улсаас 148 гадаад иргэнийг албадан гаргажээ.

Үүнээс 54 хувийг БНХАУ, 15.5 хувийг БНАСАУ, 6 хувийг БНСВУ, 4.7 хувийг ОХУ, 19.5 хувийг бусад улсын иргэд эзэлж байна. Албадан гаргасан иргэдийн 47.2 хувь нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаагаа хэтрүүлсэн бол 27.7 хувийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан байжээ. Харин 12.8 хувийг Монгол Улсад байх визийн хугацаа хэтрүүлсэн байна.

2017 оны эхний хагас жилд албадан гаргасан гадаадын иргэдийн тоог 2015 оны мөн үетэй харьцуулбал 27 хувиар, 2016 оны мөн үетэй харьцуулахад 111.4 хувиар тус тус буурчээ. Энэхүү бууралт нь Монголын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор гадаадын иргэдийн манай улсад зорчих хөдөлгөөн багассантай холбоотой аж. Мөн хилийн хяналт шалгалт сайжирч, зөрчилтэй иргэдийг буцаах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж буйтай холбоотой юм.
 
Ч.Ариунболд
相关新闻