Практик буудлагын баг тамирчид ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Карабин /практик буудлага/-ын ДАШТ-д Монгол Улсын баг тамирчид ур чадвараа сорьж хоёр ангилалд дөрвөн баг хүрэл медаль хүртжээ.
Тус тэмцээнд 12 эрэгтэй, 8 эмэгтэй, нийт 20 тамирчин оролцсон юм. Карабины төрлөөр анх удаа зохион байгуулж буй ДАШТ ОХУ-ын нийслэл Москва хотод амжилттай болж шилдгүүдээ тодруулсан байна.
Анхдугаар тэмцээнд 45 орны 850 гаруй тамирчин оролцсон бөгөөд Монголын Практик буудлагын холбоо таван ангиллын гуравт нь эрэгтэй, эмэгтэй нийт таван баг оролцуулсан байна. Энэ удаа гар ажиллагаатай Open болон Standart ангилалд оролцсон дөрвөн баг нь медалийн тавцанд зогслоо.
Дашрамд сонирхуулахад, МПБХ-ны ерөнхийлөгч, ОУХМ Д.Наранбаатар өнгөрсөн жил Финланд улсад олон улсын инструктор (дасгалжуулагч) багш нарын семинарт оролцжээ. Тэрбээр "Бидэнд боломж байна. Эхний ээлжинд гар ажиллагаатай ангилалд тамирчдаа бэлтгэн өрсөлдөнө" хэмээн хэлж байв.
Практик буудлагын тамирчид сард 20-иос цөөнгүй өдөр, өдөр бүр 500-1000 сум буудаж дасгал хийдэг бол манай тамирчид эдийн засгийн боломж, бололцооноос шалтгаалан тэднээс 15 дахин бага бэлтгэл хийсэн ч Д.Наранбаатар багштай баг тамирчид ийнхүү амжилт үзүүллээ. Гар ажиллагаатай Open ангилалд хүрэл медаль хүртсэн манай эмэгтэй багт М.Уянга, Т.Хулан, Г.Эрдэнэчимэг, Н.Одгэрэл нар багтжээ.
Д.Өлзий