С.Жаргал хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтыг удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-13 11:52:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Жаргал өнөөдөр ДАШТ-ий урьдчилсан шатанд учраа таарсан Сири болон БНХАУ-ын шигшээ багуудын тоглолтыг удирдан зохион байгуулна.

С.Жаргал нь тивийн болон ДАШТ-ий тоглолтыг удирдсан Монголын анхны зохион байгуулагч /match commissioner/ боллоо. Тоглолт ерөнхий зохион байгуулагч нь тухайн тэмцээнийг шаардлагын дагуу аюулгүй, цэвэр шударга, дүрмийн дагуу болохыг хянаж  чиглүүлдэг.

Тэрбээр тоглолт зохион байгуулагчийн ажлыг тав дахь жилдээ хийж, ОУХБХ, АХБХ-ны нэгдүгээр зэрэглэлтэй зохион байгуулагч болжээ. Сүүлийн жилүүдэд С.Жаргалаас гадна МХБХ-ны шүүгчид, гадаад харилцаа болон техникийн хэлтсийн мэргэжилтнүүд, клуб, шигшээ багийн тоглогчид тив дэлхийд гарч өөрсдийн түүхээ бүтээж байгаа юм.

С.Жаргал нь 2018 онд ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Малайз-Паластин, Вьетнам -Ирак, Афканистан-Сингапур, БНАСАУ-Катар гэсэн тоглолтуудыг зохион байгуулсан. Харин өнөөдөр 21 цаг 45 минутаас урьдчилсан шатны ээлжит тоглолтоо удирдан явуулна.

МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах комиссын даргын албыг хашиж буй С.Жаргалын хувьд, Польш, Ирландад 2000 оны эхээр амьдарч, ажиллаж байхдаа энэ спорттой амьдралаа холбож хөлбөмбөгийн спортын өндөр боловсрол эзэмшсэн юм. Тэрбээр 2012 оноос өөрийн эх орны хөлбөмбөгийн төлөө хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж, Монгол Улсыг төлөөлөн тив, дэлхийн чанартай олон тэмцээн уралдааныг зохион байгуулсан байдаг.

Д.Өлзий
相关新闻