Канэко Харүхико “Аз жаргалын цэнхэр хана” бүтээлээ Монгол-Японы төвд бэлэглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2017-06-14 13:00:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Японы Ишигаки-Яки вааран урлалын гол үндэслэгч Канэко Харүхико “Аз жаргалын цэнхэр хана” хэмээх 64 ширхэг бүтээлээ өнөөдөр Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвд бэлэглэлээ.

Бүтээлийг гардуулах ёслолын арга хэмжээнд Япон улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж, БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, МУИС-ийн дэд захирал Б.Очирхуяг, СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн захирал Д.Уранчимэг, Монголын хүүхдийн төлөө олон улсын байгууллагын Япон талын төлөөлөгч Эгүчи Китаэ нар оролцов.

“Аз жаргалын цэнхэр хана” нь шил болон Японы уламжлалт вааран эдлэлийн хольцоос гарган авч, уран нарийн арга технологи ашиглан бүтээсэн урлал юм. Уг арга технологийг Японы Канэко Ясүшиамэ хэмээх уран бүтээлч анх санаачилсан бөгөөд түүний хүү Канэко Харүхико үргэлжлүүлэн Ишигаки-Яки хэмээх урлаг болгон хөгжүүлжээ.Окинавагаас олборлодог хүдрийг нунтаглан шилтэй хольж, өндөр темпаратурт шатааж, далай тэнгисийн хөх цэнхэр болон маргад ногоон зэрэг онцгой өнгийг гарган авдаг аж.
Тэрбээр энэ өвөрмөц урлалаараа “Гадаадын шүүгчдийн нэрэмжит шагнал Installation art алтан медаль”, “Францын урлагийн нийгэмлэгийн үзэсгэлэнгийн шүүгчийн нэрэмжит шагнал Installation art алтан медаль” тус тус хүртэж байв.



Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж “Канэко Харүхико багш Монгол-Япон улсын хооронд  дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төв үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан “Аз жаргалын цэнхэр хана” хэмээн бүтээлээ бэлэглэж байна. Тус төв нь Монгол, Япон хоёр орны харилцан ойлголцол хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн тулд олон төрлийн үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Монголын бэлгэдэлт хөх өнгөтэй уялдах “Окинавагийн хурц тод далайн өнгө”-ийг илэрхийлсэн бүтээлийн үзэсгэлэнгээр дамжуулан, вааран урлалын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэдэгт итгэж байна” гэлээ. 
М.Жавзмаа
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻