Мөнгөний Бодлогын хүүг бууруулсан нь дөрвөн улирлын дараа зах зээлд мэдрэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-06-15 17:17:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаас бодлогын хүүг 2 пунктээр бууруулж, 12 хувь болгох шийдвэр гаргасныг манай сайт мэдээлсэн. Тэгвэл энэ тухай Монголбанкнаас хэвлэлийн бага хурал хийв.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа ярихдаа,  "Эдийн засаг тогтворжих үед Мөнгөний бодлогын хүүг бууруулна гэдгийг бид нэмж байх үедээ мэдэгдэж байсныг та бүхэн санаж байгаа байх.Өнөөдөр бодлогын хүүг бууруулж буй шалтгаан нь олон зүйлтэй холбоотой. Тухайлбал төсвийн бодлого мөнгөний бодлого зөөлрөх орон зайг олголоо. Мөн төсвийн бодлого дунд, урт хугацаандаа өрийн тогтвортой байдлыг хангахуйц төсвийн хуулиуд батлагдсантай холбоотой. Нөгөөтэйгүүр төлбөрийн тэнцэл буюу гадаад тэнцэл дээр ирж байсан дарамтууд зөөлөрч  байна. Өөрөөр хэлбэл өмнөх зөвлөлийн хуралдаанаас  гадаад эдийн засгийн төлөв байдалд эерэг өөрчлөлт гарлаа. Тодруулбал зэсийн үнэ 300-500 ам.доллараар өсч, гол түнш Хятадын эдийн засгийн өсөлт 6.7 хувьд хүрч, ОХУ-ын эдийн засаг 0.7 хувийн өсөлттэй гарсан гээд эерэг үзүүлэлт бодлогын хүүг бууруулахад нөлөөллөө" гэв.

Ийнхүү бодлогын хүүг бууруулснаар Засгийн газрын бондын хүү болон хадгаламжийн хүү буурах боломжтой. Хадгаламжийн хүү буурснаар зээлийн хүү буурах бололцоотой гэдгийг албаныхан хэлж байна. Улмаар  инфляци дунд хугацаандаа харьцангуй тогтвортой байх аж.  Хэтдээ төсөв  чангарах төлөв байгаа бөгөөд энэ жил төсвийн алдагдал 9.5 хувь, ирэх жил 6 хувь, 2019 онд 5 хувь болж буурах төсөөлөл гараад буй юм.  Бодлогын хүүг бууруулсан нөлөө нь  дөрвөн улирлын дараа зах зээлд  мэдрэгдэх бөгөөд  2 хувийн бууралт зээлийн хүүнд нөлөөлөх замаар уул уурхайгаас бусад салбаруудын хөрөнгө оруулалтыг дэмжихэд нөлөөлнө. Мөн чанаргүй зээлийн хувь хэмжээнд эерэгээр нөлөөлнө  гэдгийг Монголбанкны удирдлагууд тодотголоо.
 Б.Заяа
相关新闻