МУИС-ийн 2056 бакалавр диплом, энгэрийн тэмдгээ гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-06-16 15:07:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн 75 жилийн ойн босгон дээр тус сургуулийг 2056 бакалавр, 346 магистр, 16 доктор төгсч эрдэмтэн багш, профессор нараас мэргэжлийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

Тус сургуулийн 72 дахь удаагийн төгсөгчид сургуулийнхаа түүхт 75 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр баярын жагсаалаар сургуульдаа хүндэтгэл үзүүлэв.

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлэхдээ, “Монгол түмний бахархал болсон МУИС нь Монгол Улсын хөгжил дэвшлийн үндэс, үндэсний загвар болон хөгжих эрхэм зорилгыг дэвшүүлсэн. Энэхүү эрхэм зорилго биеллээ олох илэрхийлэл нь төгсөгч та бүхэн байх болно. Монгол орныхоо хөгжлийг шинжлэх ухаан мэдлэг, өндөр технологийг эзэмшсэн, эрдэм боловсролтой залуу үе та бүхэн тодорхойлно. МУИС 75 жилийнхээ ойн босгон дээр залуу эрдэмтэн судлаачдынхаа бүтээсэн Мазаалай хиймэл дагуулыг сансарт хөөргөж түүхийн хуудаснаа сургуулийнхаа нэрийг мөнхөлж чадлаа. Мазаалай хиймэл дагуул хөөргөх үйл явцад манай оюутнуудын оруулсан хувь нэмэр маш их. Өнөөдөр МУИС-ийг төгсч байгаа та бүхэн үе үеийн төгсөгчдийн бахдам уламжлалыг үргэлжлүүлэн ирээдүйгээ нэр төртэй цогцлуулж, Монгол Улсынхаа нэрийг дуурсгасан их нээлт, амжилт бүтээлийн эзэд болно гэдэгт төрөлх сургуулийн хамт олон бид итгэл төгс байна” гэв.



Төгсөгчдийн баярын жагсаалд МУИС-ийн захирал, Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар хүндэт докторын өмсгөлөөр гоёж ирсэн нь Эрдмийн баярыг улам тодотгож байв.

Эрдмийн баярын энэ өдөр төгсөгчид төрөлх сургуулиараа бахархах, нэр хүндийг нь өргөх, эх орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах, нийгмийн сайн сайхны төлөө мэдлэг боловсролоо зориулах итгэл үнэмшлийг төрүүлдгээрээ чухал ач холбогдолтой.

Ж.Болор
相关新闻