Ноён уул орчмын газрыг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
БОНХАЖЯ улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах судалгааны ажлыг өнгөрсөн сард холбогдох байгууллагууд, эрдэмтэн, судлаачдаар гүйцэтгүүлэн, хилийн заагийг тогтоожээ. Улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй хэсэгт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын хэчнээн тусгай зөвшөөрөл олгогдсон байгааг судалж, тэдгээрийг улсын тусгай хамгаалалтад авах талбайгаас гаргаж, хилийн заагийг тогтоосон байна. Уг газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулсанаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 11.194.22 га буюу нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь 0.04 хувиар нэмэгдэх юм байна.
Тогтоол батлагдсанаар Ноён уул орчмын газар нь Төв Азийн бүсийн хойд сэжүүрт оршдог, ой багатай Монгол орны өвөрмөц тайгын бүсийн байгаль, Туул, Онон, Хэрлэн гурван голын эхийг хамгаалах, эзэн Чингисийн өлгий нутгийн түүх дурсгалын үнэт зүйлсийг үеийн үед өвлүүлэн үлдээх, байгалийн хувьсал өөрчлөлтийг судлах, шинжлэх ухааны мөнхийн загвар нутаг болгох зорилгоор 1992 онд байгуулсан Хан Хэнтийн дархан цаазат газартай экосистем, байгалийн тогтоцын хувьд салшгүй холбоотой хил залган орших ба тус хамгаалалтын захиргааны хариуцан хамгаалах талбайд хамруулах боломжтой бөгөөд улсын төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй аж.
Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд Ноён уул, түүний орчим гэлтгүй баялаг бүхий газар нутгийг нинжа нараас хамгаалж чадахгүй байна хэмээн шүүмжилж байв. Мөн Ноён уулаа ухчихаад орчмыг нь хамгаалалтад авахаар хуулийн төсөлд тусгасан байна, ингэх хэрэг байна уу гэх ч гишүүн байсан юм.
Түүнчлэн ашиглалтаас үүдэн гарах хүнцэл хэмээх хортой бодисын асуудлыг бодолцсон эсэхийг лавлахад, ажлын хэсгийн зүгээс, “Гацууртын үндсэн орд нь хүнцэлээр баялаг тогтоцтой. Ашиглах явцад саармагжуулж хоргүй болгохоор ажиллаж байна” гэсэн тайлбарыг өгч байлаа. Үүний зэрэгцээ хуулийн төслийг дэмжигч гишүүд ч цөөнгүй байв.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараагаар санал хураалт явуулах болоход ирц хангалтгүй байсан тул УИХ-ын дарга З.Энхболд, “Гишүүд хэлэлцэж буй асуудлаар нэг ойлголтод хүрэхэд хол байгаа тул ирэх 7 хоногт уг хуулийн төслийг хэлэлцэхгүй. Байнгын хороон дээрээ ярь” гэснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
Б.Туул