Нүүдэлчдийн наадмын зочид монголын уламжлалт тоглоомоор наадна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНДашрамд манай ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэгд ардын уламжлалт тоглоом наадам зүй ёсоор орно. Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан оюун ухааны том хувь нэмрийн нэг нь монгол наадгай юм. Нүүдэлчин Монголчууд өвөг дээдсээсээ уламжилсан 15 төрлийн 3000 шахам тоглоом наадмаар нааддаг. Малчин түмний тоглоомын санг оньслох, эвлүүлэх наадмууд, уран ээдрээ тайлах, шагайн наадмууд, хөлөгт тоглоом, аман наадам голлон бүрдүүлдэг. Монголын үндэстэн ястнуудын өвөрмөц тоглоомууд ч олон бий. Тодруулбал Монголын ард түмэн өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн “Энх мэндийн эв долоо“, "Бага эв долоо", "Жигтэйхэн долоон хавтгай" зэрэг өрж эвлүүлдэг тоглоомоо баяжуулан хөгжүүлж хадгалсаар ардын тоглоом болгон эрт цагаас тоглож байсан бөгөөд хойч үедээ өвлүүлж улам боловсронгуй болгож "Долоодой", "Арга билгийн алтан түлхүүр", "Монгольская игра буюу Намсрай", "Тэмүүлэн" зэрэг эртний болон эдүгээ зохиогдсон өрж эвлүүлдэг тоглоомоор олон төрлийн тоглоом наадам зохиож хүүхдийн сэтгэн бодох чадвар, зохион бүтээх, өрж эвлүүлэх ухаанд сургах, дүрслэн урлах бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд ашигласаар иржээ.
Тэдгээрээс Н.Намжилдорж өрж эвлүүлдэг тоглоомыг хүүхэд залуучуудад өвлүүлэх, сургаж хүмүүжүүлэхээс гадна ардын уламжлалт тоглоот наадмыг судалж цуглуулан эмхтгэн хэвлүүлсэн ба өөрөө шинээр “Долоодой" хэмээх тоглоом зохиож энэхүү тоглоомоороо БНМАУ-ын Гэгээрлийн яам, Монголын урчуудын эвлэлийн холбооноос 1961 онд зарлаж явуулсан хүүхдийн тоглоомын уралдаанд гуравдугаар байр эзэлж байсан бөгөөд 1966 онд "Монголын хөлөгт тоглоом" номдоо оруулсан байна. П.Баяраа 1991 онд "Намсрай" тоглоомыг зохиож, цэцэрлэгийн багшийн сургуулийн оюутнуудад зааж сурган нийтийн хүртээл болгон, 1994 онд отгон хүү Намсрайн нэрээр нэрлэжээ. Уг тоглоом "Монгольская игра" нэртэйгээр ОХУ-д үйлдвэрлэгдэн интернетээр зарагдан нийтийн хүртээл болж байна. Өрж эвлүүлэх тоглоом нь маш их сонирхолтой бөгөөд хийхэд хялбар, хүүхдийн оюун санааг хөгжүүлж, анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлэх, сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлж сэтгэхүйн үйлийг төлөвшүүлж, улмаар аман яриа, уран хэллэгийн дадал чадвар олгох зэргээр хүүхдийн харааны ур, гарын ур, ухааны урыг хөгжүүлж хамтын хүмүүжлийг олгодог зэрэг давуу талтай тоглоом ажээ.