Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор” байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-21 18:02:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ын барилгын ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Тус хороонд бага сургууль цэцэрлэгт хамрагдах 680 гаруй хүүхэд амьдардаг аж. Одоогоор ерөнхий боловсролын сургууль байхгүй бөгөөд 80 хүүхдийн ганц цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм. “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ын барилгын ажлын шав тавих ёслолын арга хэмжээний үеэр НЗД-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “НЗД-ын  мөрийн хөтөлбөрт “Хороо бүрийг сургууль, цэцэрлэгтэй болгоно” гэж  тусгасан. Үүний дагуу нийслэлд 72 сургууль, цэцэрлэгийг барихаар төлөвлөсөн. Энэ ондоо багтаад 30 барилга хүлээлгэж өгөх зорилго тавин ажиллаж байна. Мөн өдрийн 3 ээлжээр хичээллэж байгаа 28 сургуулийн барилгын өргөтгөлийн ажил хийнэ. Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургуулийн барилгын ажил эхлүүлнэ" хэмээв.

Тус цогцолборын гүйцэтгэгчээр “Рич голден буллс эдукэшн” компани ажиллах юм.
Ч.Ариунболд
相关新闻