Сайд асан А.Гансүх нарын хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэхээр болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарсан ч уг хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг эсэргүүцэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна.Давж заалдах шатны шүүх нийслэлийн Прокурорын газрын эсэргүүцлийг өнгөрсөн мягмар гарагт буюу зургадугаар сарын 20-нд хэлэлцэх байсан ч сонгуулийн дараа болгож хойшлуулжээ. Учир нь, яллагдагчаар татагдсан А.Гансүх нарын зарим хүн өмгөөлөгчөөсөө татгалзсан байна. Одоо хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж эсэргүүцсэн прокурорын хүсэлтийг зургадугаар сарын 29-ний өдөр хэлэлцэхээр товлосон мэдээ байна.
Ж.Батсайхан