Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-23 11:06:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатарын хэргийг “Хэргийн мөрдөн байцаалт дутуу хийсэн" хэмээн үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. 
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны гуравдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Дагвасүрэн өчигдөр “С.Ганбаатар Өмнөд Солонгосын иргэн Ю Ван Сүгээс авлига авсан гэсэн гомдол намуудаас ирсний дагуу шалгаж үзэхэд тус бичлэг нь эвлүүлэг биш гэдэг нь тогтоогдсон. Тиймээс шалгалтын явцад тогтоосон материалыг үндэслээд, цагдаагийн байгууллагаас С.Ганбаатар Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн” гэж  /2017.06.22/ мэдэгдсэн билээ. ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн Албанаас Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4-т заасныг зөрчсөн тухай хэрэг үүсгэн ирүүлсэн ба Шүүгчийн захирамжаар “Дутуу шалгасан” гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Тиймээс энэ асуудал  Сонгуулиас өмнө шийдэгдэхгүй нь. 

Ж.Батсайхан
相关新闻