Сонгуулийн үйл явцыг гадаадын ажиглагчид ажиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-26 18:59:32
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж буйтай холбогдуулж гадаадын ажиглагч говийн бүсийн зарим аймагт ажиллаж байна.
Энэ тухай Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны дарга У.Ганбаатар, “Монгол Улсын  Сонгуулийн Ерөнхий хорооноос зөвшөөрөл авч  Швед Улсын хоёр иргэн, нэг монгол орчуулагчийн хамт Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймагт сарын хугацаатай ажиллаж байгаа. Ажиглагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил орон нутагт хэрхэн явагдаж буй,  сонгуульд оролцож байгаа нам эвслийн сурталчилгаа хэрхэн явагддаг тухай, иргэд сонгогчид сонгуульд хэрхэн оролцож буй зэрэг үйл явцыг хөндлөнгөөс ажиглаж буй”гэв.
Мөн гадаадын ажиглагчид Монгол Улс сонгуулийн ардчиллыг  хэрэгжүүлж буй байдал, сонгуулийн эрх зүйн шинэ орчинд санал хураалтын автоматжуулсан системийг нэвтрүүлж байгаа байдал, саналын хуудасны хэвлэлт  зэрэг өргөн хүрээний асуудлыг сонирхон ажигладаг аж. Гадаадын ажиглагчид Говьсүмбэр аймагт төвлөрөн байршиж  буй.
Х.Эрдэнэбулган
相关新闻