Нас барсан гэх оргодлыг 23 жилийн дараа баривчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-05 10:51:39
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид иргэдтэй хамтран ажилласны үр дүнд нас барсан гэх оргодол Т гэгчийг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орж ирээд байхад нь 23 жилийн дараа илрүүлэн баривчилжээ.

Баян-Өлгий аймгийн харьяат Т нь 1993 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 3 жилийн хорих ялаар шийтгүүлэн тухайн үеийн Баян-Өлгий аймаг дахь Хорих ангид ял эдэлж байх хугацаандаа 1993 оны 10 дугаар сард хорих ангиас оргон зайлж улмаар БНКазУ-руу гарсан ажээ. 

Оргодол этгээд Т нь оргох явцдаа өөрийгөө БНКазУ-д нас барсан гэх хуурамч баримт, бичиг бүрдүүлэн бусдаар дамжуулан хуулийн байгууллагад хүргүүлснээр 2009 онд аймгийн Прокурорын газраас оргодол Т-д холбогдох хэргийг нас барсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Одоо оргодол Т-д холбогдох хэргийг сэргээн шалгуулахаар Прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.   

Ө.Нурболат
相关新闻