Цэвэрлэх байгууламжийг 2019 онд ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-07-05 13:21:32
Дорноговь /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сайншанд хотод барих цэвэрлэх байгууламжийн ажлыг ирэх оноос эхлэхээр болжээ.
Төслийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хэрэгжилтэд туслалцаа үзүүлэх, барилгын ажлын тендерийн баримт бичиг боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ болон төслийн дамжуулан зээлдүүлэх гэрээнд энэ сарын 01-нд Улаанбаатар хотод БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон АХБ-ны төлөөлөл оролцож, гарын үсэг зурсан юм.
Цэвэрлэх байгууламжийг барихдаа зөвхөн Сайншанд хотын бус арын төмөр замын суурингийн бохирын асуудлыг хамтад нь шийдвэрлэхээр төлөвлөжээ. Албаныхны тооцооллоор Сайншанд суманд 1200 шоо метр, арын төмөр замд 400 шоо метр бохир усыг өдөртөө цэвэрлэх хэрэгцээ шаардлага байгаа юм. Харин шинээр барих цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь өдөрт 4200 метр куб бохир усыг цэвэрлэх боломжтой хэдий ч ийм өндөр хүчин чадалтай байгууламж Сайншандад шаардлагагүй тул 4200 метр куб хүчин чадлыг 3200 болгон бууруулж үүнээс гарах зөрүү хөрөнгөөр арын төмөр замын суурингийн бохирыг хоолойгоор дамжуулан цэвэрлэх байгууламжид холбох зардалд гүйлгэн суулгахаар талууд тохиролцсон байна.
Ингэснээр ар, өвөр Сайншанд нэгдсэн цэвэрлэх байгууламжтай болно. Цэвэрлэх байгууламжийг Сайншандаас баруун урагш төмөр замаас цааш зайтай барихаар төлөвлөсөн. Байгууламжийн нийт өртөг нь  3.7 сая ам.доллар.
Дашрамд дурдахад Сайншанд хотод өдөрт 1400-2700 метр куб бохир ус цэвэрлэх чадалтай цэвэрлэх байгууламжийг 1987 онд байгуулсан ба 1997 он хүртэл хэвийн ажиллаад үйл ажиллагаа нь зогссон байдаг.
Х.Эрдэнэбулган
相关新闻