Экспорт Импорт банкнаас авах 1 тэрбум ам. долларын зээлийн талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-11-03 09:17:35

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт “А” танхимд эхэлж, 2016 оны төсвийн төслийн хамт өргөн мэдүүлсэн “Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх аж. Мөн цагт Эдийн засгийн байнгын хороо“Б” танхимд хуралдаж, 2016 оны төсвийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон БНХАУ-ын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 14.00 цагт “А” танхимд хуралдаж, 2016 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх аж.

Ч.Ариунболд

相关新闻