"Монголын одон орон, геофизикийн судалгаа-2017" олон улсын хуралд 150 гаруй эрдэмтэн оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-07-19 11:58:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин үеийн одон орон, геофизикийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс “Монголын одон орон, геофизикийн судалгаа-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг маргааш зохион байгуулна.

Олон улсын хуралд ОХУ, Франц, АНУ, БНСУ, Турк, Тайвань, Швейцарь, Хятад, Чили, Герман, Англи зэрэг 13 орны 150 гаруй эрдэмтэн судлаач хүрэлцэн ирж, сонирхолтой илтгэл хэлэлцүүлэх юм.

Мөн тус ойн хүрээнд 1967 оны нэгдүгээр сарын 5-нд Булган аймгийн Могод суманд болсон газар хөдлөлтийн голомтын бүс болох Могодын хагарал дээрх хээрийн хурлыг энэ сарын 23-26-нд хийх аж. 

Бэлтгэл ажлын хүрээнд талбайн геофизикийн судалгааны сейсмохайгуул, георадар болон цахилгаан хайгуулын болон агаарын зураглалын дрон хэмжилтийг тус тус хагарлын 3 сегментийн талбайд явуулж байна. Уг хагарлын судалгааны талбайд хагаралд хөндлөн зүсэлтээр ухсан сувгийн /тренч/ хананд геологийн зураглал хийх ба дээрх геофизикийн хээрийн хэмжилтийн анхан шатны үр дүнтэй харьцуулан хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Ж.Болор
相关新闻