Монголбанкинд алт тушаалт 18.6 тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-25 15:17:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, ОХУ, БНХАУ-тай хамтран ажиллах чиглэлээр хийж буй томоохон уулзалтуудын талаар өнөөдөр тус банкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил мэдээлэл хийлээ.

Монгол, БНХАУ-ын Төв банкуудын долоо дахь удаагийн дугуй ширээний уулзалт энэ сарын 27-28-нд Улаанбаатар хотноо болохоор товлогдсоныг мэдээллийнхээ эхэнд онцолсон юм.

Тус уулзалтаар хоёр орны эдийн засаг, худалдаа, банкны салбар дахь хамтын ажиллагаа, мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцлийн үр дүн, гадаадын банк Монгол Улсад салбараа нээхэд тавьдаг шалгуур, хууль зүйн зохицуулалт зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн гэлээ.

Тэрбээр, “Монголбанк “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аяныг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлсэн. Аянд 14 арилжааны банк, тооцооны төв, Монголбанкны орон нутаг дахь салбар оролцсон. Энэ хүрээнд Мөнгөний хэрэглээний талаар сургалт, зөвлөгөөг иргэдэд хүргэж, уул, овоо, тахилга зэрэгт мөнгө өргөхгүй байх ухуулга, сурталчилгаа хийлээ. Энэхүү аян нийт нэг сая гаруй хүнд хүрсэн.

Монголбанк ирэх сарын 01-нээс “Алт” аян зарлах гэж байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар өнгөрсөн оны 12 дугаар сараас алт худалдан авах ханшийг дэлхийн зах зээлийн үнээр тогтоосон. Одоогоор нэг унци алт 333 мянган төгрөгийн ханштай байна. Дэлхийн зах зээлийн үнээр авдаг болсноор Монголбанкинд алт тушаалт 18.6 тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоогоод байна. Энэ оны эхний хагас жилд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 5.5 хувиар өссөн. Иргэн, аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанкинд тушааснаар улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулж буй чухал алхам юм” хэмээв.

Мөн тэрбээр энэ сарын 22-25-нд Увс аймгийн Улаангом хотод болж буй Монголбанкны баруун бүсийн удирдах ажилтны зөвлөлгөөний талаар мэдээлэл өглөө. Монголбанкны Ерөнхийлөгч тэргүүтэй, Төв банкны удирдлагууд, албан хаагчид оролцож буй тус зөвлөлгөөн нь Монголбанкны Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн таван шинэчлэлийн хүрээнд 2017 оныг “Орон нутаг дахь хэлтэс, салбарыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах” жил болгон зарласантай холбогдуулж анх удаа зохион байгуулагдаж байна. Баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлого, Баруун бүсийн Монголбанкны салбаруудын зохион байгуулалт, хяналт шалтгалтын ажил, эрсдэл аюулгүй байдлын асуудал, бүртгэл тооцоо, эмиссийн үйл ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд болж байна.

Ч.Ариунболд

 
相关新闻