Лигийн тэмцээнийг анх удаагаа зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий хотод "Өлгий лиг-2017" хөл бөмбөгийн залуучуудын лигийн аварга шалгаруулах тэмцээн анх удаагаа зохион байгуулагдаж байна гэж аймгийн Хөл бөмбөгийн холбооноос мэдээллээ.
Энэ талаар тэмцээний ерөнхий зохион байгуулагчдын нэг Жуханы Мустафа: "Тамирчид ажлын өдрүүдэд 2, амралтын өдрүүдэд тус бүр 4 тоглолт хийж байна. Баасан гарагт амарна. Лигийн тоглолтыг шүүхээр БН Казахстан улсаас шүүгч ирсэн байгаа. Тэмцээнийг зохион байгуулж байгаа гол зорилго маань залуучуудыг спортоор хичээллэхэд уриалан дуудах, хөл бөмбөгийг сурталчлах, тус аймагт хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд оршино" гэв.
Зохион байгуулагчид лигийн тоглолтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахыг зорьж байгаа бөгөөд аймгийн энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа чадварлаг тамирчдаас сонгож аймгийн шигшээ багийг бүрдүүлэн ирэх сарын эхэнд Хөвсгөл аймагт зохион байгуулагдах 21 аймгийн баг тамирчдыг хамарсан "Үндэсний цом"-ын тэмцээнд оролцуулах ажээ.
Ө.Нурболат