Түймрийн голомтод ажилласан алба хаагчид сэргээн засах эмчилгээ хийлгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2017-07-27 13:55:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын даргын тушаалын хүрээнд ойн түймрийн голомтод олон хоног ажилласан алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Жаргалант” сувилалд сэргээн засах эмчилгээнд хамруулж байна.
 
Тус сэргээн засах сувилал эхний ээлжинд 30 алба хаагчийг хүлээн авч, сэтгэлзүй, сэргээн заслын эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн бөгөөд хоёрдугаар ээлжинд 31 алба хаагчийг хүлээн аваад байгаа юм.
 
Тодруулбал, Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 13, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 2, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангиас 6, НОБГ-аас 10 албан хаагч “Жаргалант” сувилалд хэвтэн сэтгэлзүй, сэргээн заслын эмчилгээ хийлгэж байна.
 
ОБЕГ нь “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд албан хаагчдыг эмчлэн сувилах сэргээн засал, сувиллын төвтэй болсон юм. Тус төвийн “Жаргалант” сэргээн заслын сувилал нь эдүгээ Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчид, тэдний гэр бүл, ахмадууд болон иргэдэд сувиллын 60 ортой уламжлалт, сэргээн заслын тусламж үйлчилгээг хүргэж байна.
 
Түүнчлэн тус сувиллаар үйлчлүүлсэн ахмад настнууд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөнгөлөлтөд хамрах боломжтой аж.

Ж.Болор
相关新闻