Цагдаагийн албан хаагч нар спортын мастер цол хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-31 13:45:00
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Гылымхан өнөөдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумд зохион байгуулагдсан урианхай сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож спортын мастер, дэд мастер цол хүртсэн тус аймгийн цагдаагийн албан хаагчдыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан уг тэмцээнд аймгийн Цагдаагийн газраас 11, нийтдээ 200 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлджээ. Тэмцээнд хувийн амжилтаар цагдаагийн ахлагч Э.Гантулга 40  сумнаас 24 онож спортын мастер, ахлах дэслэгч Б.Үнэнзоригт Б.Мэндбаяр, дэд ахлагч Ц.Мөнхбаяр, С.Батбаяр нар дэд мастерын болзлыг тус тус хангажээ.

Тэрээр аймгийн Засаг дарга А.Гылымхан хэлсэн үгэндээ: "Аймгийн удирдлагын зүгээс үндэсний спортыг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаа. Наадмын өмнө Улаанбаатар хотод болон аймагт бэлтгэл хийж байгаа бөхчүүдийг эргэж, зохих хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Сурын харваанд ч тодорхой хэмжээгээр тусалж байгаа. Саяхан тогызкумалахын олон улсын тэмцээн, хөл бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Цаашид ч спортыг боломжоороо дэмжин ажиллах болно. Өөрсдийн хүчээр бэлтгэл сургуулилтаа хийн аймгийнхаа нэрийг өндөрт өргөж спортын мастер цол хүртсэн тамирчиддаа талархал илэрхийлье. Спорт, соёл, урлагийн салбарт амжилт гаргасан хүмүүсийг урамшуулах зорилгоор аймгийн Засаг даргын нэрэмжит "Хүндэт тэмдэг" нэртэй шагналыг шинээр бий болгож байгаа. Удахгүй 5 спортын мастераа уг шагналаар шагнах болно» гэв.

Аймгийн Цагдаагийн газраас харваачдыг тэмцээнд оролцоход шаардагдах бүх боломжоор хангаж өгсөн бөгөөд ийнхүү нэг багийн 5 тамирчин нэгэн зэрэг спортын мастер цол хүртсэн нь маш ховор тохиолдол боллоо гэж спорт сонирхогчид үзэж байна.   

Ө.Нурболат
相关新闻