Соёмбо тугийг залж “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын арга хэмжээ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-08-05 11:18:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын арга хэмжээний нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Нээлтийн эхэнд Тарнийн гүн ухааны бэлгэдэл  болон Соёмбот тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт заллаа. Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Энэ нь ХҮII зууны үед болон 1911-1912 онд манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, 1921 оны ардын хувьсгалын партизан цэргүүдийн төдийгүй өнөөгийн Монголын ард түмний хүсэл зоригийг илтгэн Монгол Улсын туг, төрийн сүлдэн дээр мандсаар байгаа билээ.

Соёмбо нь анх 1686 онд өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үсэг юм. Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд ер нь монголчууд галыг мандаж бадрах, голомт залгамжлах утгаар хэрэглэдэг заншилтай. Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол Монголчуудын нэн эртний сүлд тамга юм. Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд Монгол түмний ашид мандан бадрахын бэлэгдэл болдог.

Соёмбын доторх хоёр гурвалжин нь жад, сумны гилбирийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош хандуулсан нь дайсныг дарах гэсэн утгатай юм. Соёмбын төвд буй хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн бөгөөд хүн ард эрэгтэй эмэгтэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж, өсч үржин, улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг. Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шударга, журамтай гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн Монгол Улсынхаа төлөө цэх шударга нэгэн үзүүрт сэтгэл зүтгэлээр хүчээ өгнө гэсэн санаа юм.

Соёмбот тугийг залсны дараа НЗД-ын орлогч Ж.Батбаясгалан үг хэллээ. Тэрбээр, “Өндөр гэгээн Занабазар “Өргөө” нэрээр анх байгуулж байсан Улаанбаатар хот эдүгээ дэлхийн хотуудтай ижил түвшинд өргөжин хөгжиж байгаа билээ. 100 гаруй жилийн турш тасраад байсан монголчуудын уламжлалт их наадам “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг сэргээгээд гурван жил болж байна. Энэхүү наадам аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлдэг. Тухайлбал, өнөөдөр 3000 гаруй жуулчин Даншиг наадмыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн байна. Ийнхүү сүсэгтэн олон, жуулчин та бүхэнд зориулан зохион байгуулж буй энэхүү наадам эхэлж байгааг дуулгахад таатай байна” гэлээ.

Мөн Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, "Арван цагаан буяныг эрхэмлэн дагах аваас үйлс бүтнэ. Даншиг наадам нь Монголын ард түмний эв нэгдэл, соёл уламжлалыг даяарчлалын үед хадгалан үлдэх чухал арга хэмжээ болно. Даяар олны энх амгаланг хөхүүлэн дэмжих, ард түмнийхээ эв нэгдлийг бадраахад наадмын утга учир оршино” хэмээв.
 
Ийнхүү “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадам албан ёсоор эхэллээ.
 
Нээлтийн дараа Гандагтэгчэнлин хийдийн лам нар Мандал өргөж байна. Мандала гэдэг нь самгарди үг бөгөөд ‘’Шимийг авах’’гэсэн утгатай аж. Мандалыг өргөхдөө зүүн гартаа арвай атган мандлыг түшин бариад, баруун гарын алгаар гадагш арчих байдлаар хилэнц түйтгэрийг арилгадаг байна. Мандал өргөх нь хүмүүн төрлөхтөн сэтгэлийн хилэнцийг арилган буяныг хотол төгс болгох чухал зан үйлийн нэг юм.

Мандал өргөсний дараа лам хуврагууд болон сүсэгтэн олон Өндөр Гэгээний “Цагийг тохинуулагч залбирал” бүх нийтээр уншиж, Очирваани шүтээнийг тахих юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻