Мөст суманд шинэ дотуур байр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 10:28:15

Ховд аймгийн Мөст сумын сургуулийн шинэ дотуур байртай болж, 120 гаруй сурагч амьдарч байна.

Сурагчдын өмнө ашиглаж байсан дотуур байр  40 гаруй жилийн насжилттай, цахилгааны ил монтажтай модон барилга байсан болохоор цахилгаан зуух ашиглах боломжгүй байсны дээр 60 сурагч авах хүчин чадалтай байсан юм.

Тус сумын малчин Б.Мягмаржав “Хүүхдийн дотуур байр шинээр барьсанд малчин бид баяртай байна. Манай дөрвөн хүүхэд дотуур байранд амьдардаг. Өмнөх дотуур байр тав тух муутай учраас хүүхдүүд ихэвчлэн айлаар байдаг байлаа. Харин шинэ дотуур байртай болсноор хүүхдүүдээ өгчихөөд малчин бид санаа зовох зүйлгүй малаа маллаж байна. Дотуур байрны төсөв хөрөнгийг шийдвэрлэж өгсөн УИХ-ын гишүүд, аймаг, сумын удирдлагууд болон энэхүү дотуур байрыг богино хугацаанд барьж хүлээлгэн өгсөн нутгийн хүү А.Пүрэвдорж гуайд баярлалаа”  гэв.

Сургуулийн дотуур байрыг “Хаш өргөө” компани барьж гүйцэтгэжээ. Хөрөнгө нь улсын төсөвт гүйцэд тавигдаагүй 350 сая төгрөг дутуу байсан ч өөрийн хөрөнгөөр барьж цаг хугацаанд нь ашиглалтад оруулжээ. 

Ховд аймгийн Мөст сум  Улаанбаатар хотоос 1325 км, аймгийн төвөөс 190 км зайд оршдог 3000 гаруй хүн амтай сум юм. 

А.Бямбасүрэн

相关新闻