Тэтгэлэгт хөтөлбөрт суралцсан оюутнууд дипломоо гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-18 17:43:55
Yesukheitumur Tumurbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэтгүүлч болох сонирхолтой, нийгэмд өөрийн тодорхой байр суурь эзэлсэн 13 салбарын 22 залуус Хэвлэлийн хүрээлэн Сэтгүүлзүйн дээд курсийн сэтгүүлзүйн зүйн  сургалтад хамрагджээ. Өнөөдөр тэдний төгсөлтийн баяр тохиож байна.

Хэвлэлийн хүрээлэн Сэтгүүлзүйн дээд курс 1996 оноос хойш  22 жил тасралтгүй хичээллэж байна. Дээд боловсролтой, хэвлэл мэдээллийн салбарт ажиллах сонирхолтой хүмүүс уг курсэд хамрагдах боломжтой бөгөөд сэтгүүлзүйн суурь мэдлэг боловсролыг сургалтаар  олгодог.

Энэ жил ХБНГУ-ын “Конрад Аденауэр сан”-гийн дэмжлэгээр “Сэтгүүлзүйн тэтгэлэгт хөтөлбөрийн сэтгүүлзүйн дээд курсийг зохион байгуулсныг Хэвлэлийн хүрээлэнгийн багш нар онцолж байв.

Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах: “Хэвлэл мэдээллийн салбарт цахим орчин чухал байр суурь эзэлж байгаа учраас энэ удаагийн "Сэтгүүлзүйн дээд курс"-ийн сургалтын хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал Цахим сэтгүүлзүй, Эрэн сурвалжлах сэтгүүлзүй, Манлайлал зэрэг  гурван гол асуудалд сургалтыг чиглүүлснээр  илүү үр дүнтэй болж, төгсөгчид маань төгсөлтөөрөө цаасан болон онлайн сонин хэвлүүлсэн" гэв.

Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд шилдэг оюутнаар н.Оюунгэрэл тодорч 12 сарын туршид буюу сар бүр 400 мянган төгрөгийн урамшуулал цалин авах аж.  Мөн  ирэх долоо хоногт эхлэх олон улсын сертификаттай "Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сургалт"-д ангиараа 35 хувийн хөнгөлөлттэй суралцах боломж бүрджээ.

Хэвлэлийн хүрээлэнгийн Дээд курсийн зургаан сарын түргэвчилсэн сургалтаар сэтгүүл зүйн бүхий л мэдлэг мэдээллийг олгохоос гадна мэдээ хэрхэн бичих, Цахим сэтгүүлзүй, Радио сэтгүүл зүй, Фото сэтгүүлзүйн талаар онолын суурь мэдлэг олгодог.
 
Т.Есүхэйтөмөр
 
相关新闻