Эрдэмтэн зохиолч Т.Султаны зохиол бүтээлийн 15 боть хэвлэгдэн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-20 19:01:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Таукейн Султаны зохиол бүтээлийн 15 боть Улаанбаатар хотноо хэвлэгдэн гарчээ.

1960-аад оноос уран бүтээлийн замаа эхэлсэн зохиолчийн 50 гаруй жилийн хугацаанд туурвисан өгүүллэг, тууж, роман, жүжиг, дуурь, кино зохиолууд  нь уг цуврал номонд багтсан байна.

Энэ талаар зохиолч: "Миний бие анх "Говьд ургасан цэцэг" өгүүллэг, "Жайдарман" туужаар уран бүтээлийн гараагаа эхэлсэн. 2011 оноос бүтээлүүдийнхээ 15 боть цуврал номыг хэвлүүлэх ажилд ханцуй шамлан орж, саяхан ард нь гарлаа. Орчуулга, эрдэм шинжилгээний ажлууд минь дээрх цуврал номд ороогүй. Түүнчлэн БНХАУ-ын Өрөмч хотод миний "Хүслэн уул", "Жанибекийн төгсгөл", "Алмас кылыш" роман болон "Ата таным" /Угаа танин мэдэхүй/ тайлбар толийг хэвлүүлэн гаргасан байна. Мөн Казахстанд 4, Турк улсад 1 роман хэвлэгдсэн. Өнгөрсөн жил "Салиха-Самен" дуурийг бичсэн. Саяхан Чингис хааны сургаалуудыг казах хэлэнд орчуулж ном болгон хэвлүүлж, Казахстанд явууллаа. Казахстан, Киргизийн эрдэмтэн, судлаачид уг асуудлыг ихээр сонирхдог юм байна. Миний бүтээлүүдээр зарим залуучууд магистрын зэрэг хамгаалсан. МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн докторант Байгабылын Риза "Сүмбэр уулс роман дахь казахын ард түмний ёс заншил" сэдвээр докторын ажил бичиж байгаа. Одоо "Куран судрын агуулга, үзэл санаа" нэртэй номон дээрээ төвлөрөн ажиллаж байна" гэв.

Дашрамд хэлэхэд, Т.Султан нь дээрх цуврал номоос гадна 20 гаруй ном хэвлүүлсний дотор "Сүмбэр уулс", "Хүслэн уул", "Ихсийн хүслэн", "Жанибекийн төгсгөл" романууд нь уншигчдын талархлыг хүлээж, "Архалых", "Бэр", "Өнчрөгсөд" жүжгүүд нь аймгийн театрын тайзнаа тавигджээ.  Мөн "Туулсан зам", "Тэнгэрлэг нутаг", "Гэрээс" зэрэг баримтат, уран сайхны кино нь дэлгэцнээ гарсан байна.

Тэрбээр зөвхөн уран зохиол биш эрдэм шинжилгээний бүтээл туурвин Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалж байжээ.  

Ө.Нурболат

相关新闻