Хоршоологчид "Ургацын баяр"-аа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-23 16:35:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "АДРАА-Монгол" Олон Улсын байгууллагын дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг 8 хоршоо өнөөдөр аймгийн төв талбайд өөрсдийн тариалсан төмс, хүнсний ногоогоо танилцуулан "Ургацын баяр" арга хэмжээг зохион байгууллаа.

Тус байгууллагын төслийн хүрээнд 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн дээрх хоршоодод 150 орчим өрх харьяалагддаг байна. Хоршоо тус бүрт Өлгий сумын нутаг дэвсгэрээс 3,5 га газар олгогдож, энэ жил 16 төрлийн хүнсний ногоо тариалжээ.  Уг асуудлаар "АДРАА-Монгол" ОУБ-ын мэргэжилтэн Д.Ертайгаас тодруулахад: "Манай нэг хоршоо  дунджаар 1 тн төмс, 700-800 кг хүнсний ногоо хураан авна. Мөн аймгийн ард иргэдийн тодорхой хувийг зуны турш өргөст хэмх, чинжүүгээр хангалаа. Одоогоор хоршооны гишүүдэд тарьсан төмс, ногоогоо зарах тодорхой газар байхгүй. Хоолны газрууд болон жижиглэнгээр худалдаа эрхлэгчдэд бөөний үнээр борлуулж байна. Манай хоршоодын хамгийн гол онцлог нь нутгийн хөрсөнд өөрсдөө тариалсан экологийн цэвэр, шинэ бүтээгдэхүүнээр ард иргэдийн хэрэгцээг хангаж байгаад оршиж байна" гэв.

Хоршооны гишүүн өрхүүд тарьсан төмс, хүнсний ногоогоороо өөрсдийн өрхийн хэрэгцээг хангаад зогсохгүй, борлуулж орлого олж эхэлжээ. Жишээлбэл, Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн Аманбайн Сувд "Адраа-Монгол" ОУ-ын байгууллагатай гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа ажээ. Тэрээр энэ жилд нийтдээ 12 төрлийн ногоо тарьжээ. Зун хэчнээн гантай болсон ч ногоогоо сайн гаргаж авсан бөгөөд өргөст хэмх гэхэд өдөрт 10 кг-ыг хураадаг байна. Түүнээс өрхийн хэрэгцээнээс илүү гарсныг нь зарж амьдралдаа нэмэр болгодог байна.

Албаны хүний өгсөн мэдээллээр хоршооны гишүүдийн эзэмшилд 150 тн багтаамжтай төмс, хүнсний ногоо хадгалах зоорь байдаг бөгөөд өвөл бүтээгдэхүүнээ хадгалж, хавар үнэ хүргэж зарахыг зорьж байна. 

Ө.Нурболат

相关新闻